"Фитч" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B+тогтвортой" болгож дээшлүүллээ
- 2024/09/19 17:21
"Фитч" зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэл “B+тогтвортой” болж сайжирсныг зарлалаа. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ ахихад хэд хэдэн зүйл голлон нөлөөлжээ. Ялангуяа уул уурхайн салбарын өсөлт болон Монгол Улсын эдийн засгийн эрсдэл даах чадвар сайжирсан нь онцлох хүчин зүйл болсон байна.
Тус агентлагийн төсөөллөөр нүүрс, зэсийн олборлолтын өсөлт болон уул уурхайн бус салбарын өсөлтийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024-2026 онд дунджаар зургаан хувийн өсөлт үзүүлэх хүлээлттэй байгаа аж. Энэ нь бусад “B” зээлжих зэрэглэлтэй орнуудын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм байна. Мөн Монгол Улсын Засгийн газар өрийн удирдлагын оновчтой, зөв бодлогыг хэрэгжүүлж гадаад өрийн дарамтыг бууруулж чадсан, санхүү, төсвийн сахилга бат, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь уул уурхайн зах зээлийн олон улсын үнийн бууралтад тэсвэртэй болсныг онцолжээ. Түүнчлэн уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж, бусад “В” үнэлгээтэй орнуудаас өндөр гарсныг дурдсан байна.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсад хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зах зээл дээрх хүүгийн түвшнийг бууруулах, тухайн улсын төр, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудын гадаадын хөрөнгө оруулалт татах зардлыг бууруулахад шууд нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдолтой үзүүлэлт юм.