ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилна
- 2024/08/30 14:33
Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин ирэх есдүгээр сарын 3-нд манай улсад албан ёсны айлчлал хийх нь. Халх голын байлдааны 85, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоор төлөвлөжээ. Мөн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцох аж.
Айлчлалын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна.