ХААН банкны хагас жилийн цэвэр ашиг 290 тэрбум төгрөгт хүрэв

  • 2024/08/23 14:49

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “ХААН” банк энэ оны эхний хагас жилд 290.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллажээ. Хүүгийн цэвэр орлого 587.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 105.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Ингэсэнээр ХААН банкны өөрийн хөрөнгийн өгөөж 28.5 хувьд хүрэв.

ХААН банкны нийт актив энэ оны эхний хагас жилд 20.2 их наяд төгрөгт хүрч, 2023 оны эцэстэй харьцуулахад 16.3 хувиар өссөн байна. Банкны нийт зээлийн багц 17.3 хувь буюу 1.7 их наяд төгрөгөөр өсөж, 11.3 их наядад хүрчээ. Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 18.6 хувь буюу 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 17.8 их наяд төгрөгт хүрсэн аж. Чанаргүй зээлийн харьцаа 5.3 хувиас 4.5 хувь болж буурчээ. Хөрвөх чадварын харьцаа 45.2 хувь буюу зохистой харьцаа 25 хувиас дээш байх шалгуурыг бүрэн хангаж байгаа аж.

Тус банк 2023 онд 558.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүний 48.5 хувь болох нийт 271 тэрбум буюу нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн. Ногдол ашгийн мөнгийг энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулжээ. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, нийгэм ба хөгжил, эрүүл мэнд, боловсролын чиглэлийн 510 гаруй төсөл, хөтөлбөрт 12.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна.