"Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023"-ыг танилцууллаа
- 2024/05/08 18:25
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв /ЭЗБӨЧСТ/-өөс "Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2023"-ыг танилцуулж байна. Уг тайланг 2012 оноос эхлэн жил бүр бэлтгэн танилцуулж байгаа бөгөөд, энэ жил тус тайланг тасралтгүй 12 дэх жилдээ танилцуулаа.
Судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох, өрсөлдөх чадварын давуу, сул тал, өөрчлөлтийг хэмжихэд оршдог.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжих шалгуур үзүүлэлт
Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг.
“Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2023” судалгааны үр дүн:
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд тэргүүлсэн. Онцлох өөрчлөлтийн хувьд 2012-2020 онд буюу тайлангийн эхний 9 жил өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн Орхон аймаг дахин 1-рт эрэмбэлэгдэж, сүүлийн хоёр жилийн тайланд тэргүүлсэн Дорноговь аймаг нэг эрэмбэ ухарч 2-р эрэмбэлэгдлээ. Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудын эрэмбэд өөрчлөлт ороогүй байна. Харин Дундговь, Завхан аймгууд дахин хамгийн сүүлд эрэмбэлэгдлээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Дорноговь аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Засаглалын үр ашиг болон Дэд бүтцээр Орхон аймаг 1-рт эрэмбэлэгджээ.
Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар 1-рт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг.
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 66.6 болж өнгөрсөн жилээс 1.6 оноогоор өслөө. Мөн бизнесийн үр ашиг үндсэн бүлэг 17 оноо, эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэг 8 оноо, засаглалын үр ашиг үндсэн бүлэг 10 оноо, дэд бүтэц үндсэн бүлэг 4 оноогоор тус тус өсжээ.
Аймаг тус бүрээр нь харвал 21 аймгаас 12 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн жилээс өссөн бол 9 аймгийн оноо буурсан байна. Төв аймаг 13 оноо, Ховд аймаг 12 оноо, Баян-Өлгий аймаг 10 оноо, Дархан-Уул аймаг 9 оноогоор өссөн нь өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо хамгийн ихээр ахиулсан үзүүлэлт юм. Говь-Алтай аймаг 12 оноо, Завхан аймаг 9 оноогоор буурсан нь өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан үзүүлэлт юм.
Энэ жилийн онцлох үр дүнгээс дурдвал: