Нүүрсний өгөөжийг өсгөх том алхам
- 2024/07/02 16:50
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, “Норинко Дади” түншлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ян Шаопин нар товчлуур дарж, нүүрс баяжуулах үйлдвэрийн ажиллагааг эхлүүллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслөө 2022 оноос эхлүүлсэн. Уг үйлдвэрийн эхний блок буюу жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хэсгийг өчигдөр ажиллагаанд оруулж, нээлтийн ёслол хийлээ. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стратеги төлөвлөлт, төслийн газрын дарга Ц.Анх-Од “Өнөөгийн ханшаар тооцвол баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нэг тонн нүүрсний өгөөж 10-20 ам.доллароор өсөх тооцоо гарсан. Өмнөх жилийнх шиг өндөр үнэтэй байвал нэг тонн нүүрсний өгөөж 60 хүртэлх ам.доллароор өсөх тооцоо гарч байна лээ” гэж ярив. Үйлдвэрийг ажиллуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд тохируулга хийж, тоног төхөөрөмжийн ажиллагааг чигдрүүлэх аж. Өөрөөр хэлбэл, уг үйлдвэр жил орчмын дараагаас бүрэн хүчин чадлаараа жигд ажиллаж эхэлнэ гэсэн үг.
Үйлдвэр жилд 10 сая тонн нүүрс угаана гэж үзээд өнөөгийн ханшаар өгөөжийн өсөлтийг нь тооцъё. Баяжуулсны дараа нэг тонн нүүрсний өгөөж 20 ам.доллароор нэмэгдэнэ гэж үзвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого 200 сая ам.доллароор өсөх нь. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсвөл өгөөж нь улам нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.
БНХАУ-ын “Норинко интернэшнл” компани баяжуулах үйлдвэр барих олон улсын тендерт шалгарч, “Эрдэнэс Тавантолгой”-той 314 сая ам.долларын оффтейк гэрээг 2022 оны хоёрдугаар сард байгуулсан нь олны анхаарлыг татаж байв. Учир нь тус компанийн толгой “Норинко” групп зэвсэг үйлдвэрлэлээр дэлхийн дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг нь олон нийтийн эргэлзээг төрүүлсэн билээ. “Норинко интернэшнл” нь “Норинко Дади” түншлэлийг байгуулан, үйлдвэрийн барилга барих, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг өнгөрсөн хоёр жилд тасралтгүй гүйцэтгэжээ.
Үйлдвэр бариад оронд нь нүүрс авах оффтейк гэрээний хүрээнд “Норинко Дади” түншлэл одоогоор 80 мянган тонн түүхий нүүрс хүлээн авах хоёр агуулах, баяжуулах үйлдвэр, баяжуулсан нүүрсний гурван агуулах, үйлдвэрийн удирдлагын байр, 216 ажилчин байрлах уурхайчдын хотхон болон бусад дагалдах дэд бүтцийн байгууламжууд барьжээ. Баяжуулах үйлдвэрийн төслийг бүрэн дуусгахын тулд нэмж хоёр блок барих учиртай. Төслийг бүрэн дуусгахын тулд нийт 67 барилга байгууламж барих шаардлагатай гэнэ. Тухайлбал, уурхайн амнаас нүүрс тээвэрлэх 12.5 км туузан дамжуулга барих юм байна. Мөн баяжуулсан нүүрс төмөр зам руу тээвэрлэх туузан дамжуулга, ачих терминал барих аж. Жилд 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барих төслийг бүрэн дуусгахад нэг их наяд төгрөг зарцуулах тооцоотой. Одоогоор тэнд 796 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ.
Нүүрсний нэмүү өртгийг өсгөхийн тулд хамгийн зардал багатай тээвэр болох төмөр зам тавих, баяжуулах үйлдвэр барих шаардлагатай байсан. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага 2012 оноос хойш төмөр зам тавих, баяжуулах үйлдвэр барих судалгааг нь эхлүүлсэн билээ. Баяжуулах үйлдвэрийн төслийг 2026 он гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Энэ үед Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг хийж дуусгах төсөөлөлтэй байгаа. Тухайн цагаас “Эрдэнэс Тавантолгой” компани нь нүүрсээ дүүрэн өгөөжтэй борлуулж эхлэх нь. Жилд 10 сая тонн нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нүүрсний өгөөжийг өсгөх том алхамыг ийнхүү хийв.
“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ сорчлон боловсруулж байна гэсэн зэмлэлийг мэргэжлийн хүмүүсээс олонтаа сонссон. Баяжуулах үйлдвэр барьснаар Тавантолгойн ордын 2-8 хүртэлх давхаргын нүүрснийг хольж баяжуулан захиалагчийн хүсэлтийн дагуу нийлүүлэх боломжтой болсон гэнэ. Баяжуулах үйлдвэр нь коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрс гэсэн үндсэн гурван бүтээгдэхүүн гаргах аж. Үйлдвэр бүрэн автомат. Тиймээс таван сая тонн нүүрс угаахад дөрвөн хүн удирдаад ажиллах боломжтой юм байна.
Уг үйлдвэр нойтон аргын хөвүүлэн баяжуулах технологитой. Энгийнээр хэлбэл, нүүрсийг усаар угааж баяжуулна гэсэн үг. Баяжуулах үйлдвэрийн усаа үйлдвэрээс 70 км зайтай Загийн усны хоолойгоос татаж байгаа аж. Үйлдвэрт Загийн усны хоолойн 180 метрийн гүн дэх эрдэсжилт өндөртэй, унданд хэрэглэх боломжгүй усыг ашиглана. Тус усны ордыг 25 жил ашиглах боломжтой гэж тооцжээ. Үйлдвэр хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашиглах гэнэ. Тиймээс хаягдлын далан байгуулахгүй юм байна. “Эрдэнэс Тавантолгой”-нхон “Үүгээрээ манай үйлдвэр экологид ээлтэй” хэмээн онцолж байлаа.
Баяжуулах үйлдвэрийг нээх ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, “Норинко Дади” түншлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ян Шаопин нар оролцсон. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Аж үйлдвэрийн сэргэлтийг бий болгох томоохон төлөвлөгөөний эхлэл бол өнөөдөр ашиглалтад орж байгаа жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр юм. Дээрх баяжмал нь зөвхөн шууд экспортод гарах бус, Тавантолгойн кокс-химийн цогцолборын үндсэн түүхий эд болж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох нэн чухал ач холбогдолтой. Цаашид бид дэлхийд чанараараа тэргүүлдэг Тавантолгойн коксжих нүүрсийг дотооддоо боловсруулж кокс, метанол, демитилийн эфир, нийлэг байгалийн хий, бензин, дизель түлш, устөрөгч гэх мэт олон төрлийн аж үйлдвэрийн түүхий эд үйлдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулаад байна. Ингэснээр Монгол улсад хими-металлургийн үйлдвэрлэл хөгжих үндэс суурийг тавьж, аж үйлдвэрийн шинэ шат руу гарах юм.
Эхний ээлжинд 10 сая тонн баяжуулсан нүүрсний 1.7 саяыг кокс-химийн үйлдвэрт, 2.7 саяыг нь кокс эрчим хүчний үйлдвэрүүдэд нийлүүлж, 2.2 сая тонн кокс, 107 МВт эрчим хүч, 60 мянган тонн коксын давирхай, 100 сая шоо метр нийлэг хий, 8.5 мянган тонн амиак үйлдвэрлэнэ. Мөн баяжуулах үйлдвэрийн хаягдал буюу хоёр сая тонн мидлингийг эрчим хүчний нүүрстэй хольж 450 МВт-ын цахилгаан станцыг түүхий эдээр хангаж, цахилгаан станцын 1.4 сая тонн үнсээр эко хавтан, гипсэн блок зэрэг барилгын материал үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг иж бүрэн ашиглаж, байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн өндөр өгөөж бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэв.