Хятадад iPhone 15 Pro Max хямдарч, 7949 юань боллоо

  • 2024/05/24 17:24

“Apple” компани Хятад дахь онлайн худалдааны хоёр томоохон платформ дээр iPhone 15 утасныхаа үнийг огцом хямдрууллаа. Өчигдрөөс эхлэн Алибаба группийн Tmall цахим худалдааны сайт болон JD.com платформ дээр iPhone 15 Pro Max загварын 256 гегабайтын багтаамжтай утасны үнэ 20 хувиар хямдарч, 7949 юань болсон бол 128 гегабайтын багтаамжтай энгийн iPhone 15 загвар 5999 юаниас 23 хувиар хямдарч 4599 юань болжээ. 

Анх iPhone 15 Pro Max Хятадад худалдаанд гарахад 9999 юанийн үнэтэй байсан ч дэлхийн хамгийн том гар утасны зах зээлийн нэг болох БНХАУ-д өрсөлдөөн ширүүсч, дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалт нэмэгдэн, Apple-ийн орлогод мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн учраас ийнхүү богино хугацааны хямдралыг зарлаад байна. Энэ сарын 20-нд эхэлсэн хямдрал 8 хоног үргэлжлэх юм байна. Хямдрал зөвхөн Tmall болон JD.com платформ дээр үйлчилж буй бөгөөд БНХАУ дахь Apple-ийн албан ёсны дэлгүүрт хямдрал зарлаагүй аж. 

Дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгчдийн нэг Apple компани түүхэндээ ийм томоохон хэмжээний хямдрал зарлаж байгаагүй учраас энэ явдал анхаарал их татаж байна. Энэ явдал Хятадын зах зээлд борлуулалтаа нэмэгдүүлэх нь Apple-ийн хувьд хэр чухал болохыг харуулж байна. 2024 оны нэгдүгээр улиралд Хятадад 50.1 сая iPhone зарагдсан нь 2023 оны мөн үетэй харьцуулвал 10 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүний дүнд эх газар дахь гар утасны зах зээлд iPhone-ий эзлэх хувь 20,2 хувиас 15,7 хувь хүртлээ буурч, энэ хооронд Хятадын гар утас үйлдвэрлэгч Vivo 17.4, Honor 16.1, Huawei 15.5 хувийг эзлэх болсноор дотоодын тоглогчид нь өөрсдийн зах зээлдээ тэргүүлэх байр суурьтай болж эхэлсэн. 

Саяхан Хятадад 47 дахь салбар дэлгүүрээ нээсэн Apple-ийн хувьд зах зээлд гарч буй энэ өөрчлөлт хандлагыг маш анхааралтай ажиглаж, эх газрын хэрэглэгчдийг алдахгүй байхын тулд идэвхтэй арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард бүх iPhone утасныхаа үнийг 500 юаниар хямдруулж байсан. 

Харин энэ удаа өмнөхөөс илүү дорвитой хямдрал зарласан нь Хятадын дотоодын үйлдвэрлэгчид андройд гар утасныхаа үнийг ч бас бууруулж байгаатай холбоотой. Хятадын Xiaomi, Honor брэндийн андройд утаснууд хямдарч, Huawei компаниас сүүлд гаргасан Mate60 Pro загварын борлуулалт өсөж, компанийнх нь орлого хоёр дахин өссөн билээ.  

Б.Сэвжидмаа