iPhone ба хятад хэрэглэгчдийн эх оронч сонголт
- 2024/04/25 13:08
“Apple” компанийн гар утасны борлуулалт өнгөрсөн улиралд 10 хувиар буурсан нь хятадуудын эх оронч сонголтын үр дүн болохыг IDC фирмийн судалгаа харууллаа. Тус компанийн хувьд АНУ-ын дараах хоёр дахь том зах зээл болох Хятадад борлуулалтын хэмжээ буурч, тус улсын хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэгч Huawei, Xiaomi, OPPO/OnePlus брэндийн ухаалаг утсыг худалдан авах нь нэмэгдэж байгаа аж. Хэдийгээр “Apple” худалдан авагчдын томоохон цөм болсон хятад хэрэглэгчдийг татахын тулд хөнгөлөлт урамшууллыг тасралтгүй санал болгож байгаа ч борлуулалт буурсан хэвээр байна. Тухайлбал, БНХАУ-д iPhone 15 утасны үнэ бусад улсаас 180 ам.доллараар хямд байгаа бөгөөд, хэрэглэгчдийн сонирхлыг татахын тулд шинэ өнгө хүртэл худалдаанд гаргасан.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ухаалаг утасны зах зээлд эзлэх хувиар “Apple” (20 хувь) анх удаа тэргүүлж, “Samsung”-ийг (19.4 хувь) ардаа орхисон ч энэ өсөлт ганцхан улирлаас хэтэрсэнгүй. Үүнээс өмнөх 12 жилийн хугацаанд “Samsung” компани ухаалаг утасны зах зээлийн 20 хувийг эзэлсэн дүнгээр өрсөлдөгчдөө тэргүүлсээр ирсэн. Харин “Apple” өнгөрсөн оны төгсгөлд зах зээлийн 20 хувийг эзэлснээр хамгийн том өрсөлдөгчөө нэг удаа ялсан боловч, энэ оны эхний улирлаас эхлэн “Samsung” урьдын байр сууриа эргүүлэн олж авчээ. Үүний гол шалтгаан нь нэгдүгээрт, хятад хэрэглэгчийн сонголт, хоёрдугаарт, андройд системтэй гар утасны борлуулалт илүү өндөр байгаатай холбоотой гэж судлаачид үзэж байна.
“Apple” ба “Samsung” компани зах зээлийн ноёрхлын төлөө шил дарсан өрсөлдөөн хийж байх хооронд Хятадын ухаалаг утасны брэндүүд технологио тасралтгүй хөгжүүлж, дотоодын хэрэглэгчдийнхээ тоог эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм. Тодруулбал, гар утасны зах зээлийн 20,8 хувийг “Samsung” (60.1 сая тээвэр хийсэн), 17,3 хувийг “Apple” (50.1 сая тээвэр хийсэн) эзэлж байгаа бол БНХАУ-ын “Xiaomi” компани нэг улиралд 40,8 сая тээвэрлэлт хийснээр зах зээлийн 14,1 хувийг эзэлдэг болжээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үүссэн макро эдийн засгийн сорилтыг гар утас үйлдвэрлэгчид давж гарч, борлуулалт нь 7,8 хувиар өсч, энэ оны эхний улиралд 289 саяд хүрсэн. Энэ өсөлт дунд андройд утасны борлуулалт илүү өндөр хувь эзэлж, ioS үйлдлийн систем бүхий iPhone утасны борлуулалт сул байгаа нь “Apple” компани хиймэл оюун ухааныг өөрийн технологид ашиглах гэж төдийлэн яарахгүй байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин түүний өрсөлдөгч “Samsung” энэ тал дээр нэлээн ахиц гаргаж, хамгийн сүүлийн шинэ бүтээгдэхүүн Galaxy S24 утасны мессэж бичих, зураг авах, тоглоом тоглох зэрэг үйлдлүүдэд хиймэл оюун ухааны ололтуудыг хэдийнэ ашиглаж эхэлсэн юм.