Банк ипотекийн зээлээр луйвар хийдэггүй

  • 2024/05/15 18:41
(Иргэний гомдолд дүгнэлт бичив)
Энэ асуудлыг уншихад олон улсын зах зээл, ялангуяа санхүүгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудад түгээмэл хэрэглэгддэг Mortgage backed security буюу ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны зээлийн үйл ажиллагаа юм. 
Уг үйл ажиллагаа нь 2010 онд ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ хуулиар зохицуулагддаг бөгөөд мэргэжлийн байгууллагууд, мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил юм.  Хамгийн амжилттай, удаан хугацаанд хэрэгжүүлж байгаа нь МИК бөгөөд уг үнэт цаасыг гаргах бүрдээ Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг. Хамгийн сүүлд миний санаж байгаагаар "Инвескор" ББСБ гаргасан байдаг. 
Үйл ажиллагааг нь бага зэрэг дэлгэрэнгүй тайлбарлавал ипотекийн зээлийн 8 хувь, 6 хувийн хөтөлбөр нь Монголбанк, Сангийн яам, арилжааны банкнууд МИК зэрэг байгууллагуудын хамтарсан ТӨРИЙН хөтөлбөр бөгөөд МИК энэ хөтөлбөрөөс гадна ӨӨРӨӨ БИЕ ДААН эх үүсвэр босгох (өнгөрсөн онд 300 сая ам.долларын бонд олон улсад гаргасан), үйл ажиллагааны хуримтлагдсан орлогоос банкнуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээлүүдийг багцлан худалдан авах үйл ажиллагаа явуулдаг. Ингэснээр тухайн багцаа худалдсан банк эх үүсвэрээ суллаж дахин зээл олгох эх үүсвэртэй болох буюу хоёрдогч арилжаа хийж байгаа хэрэг. 
Тухайн иргэн 8 хувийн шалгуураас давсан (80 м2-аас дээш) орон сууц авсан тул банк өөрийн эх үүсвэрээр зээл олгоно. МИК арилжааны бүх банканд зээлийн эргэн төлөлт сайтай, тодорхой шаардлага хангасан зээлүүдийг худалдан авах санал тавьж, зээлийн багц худалдах үйл ажиллагаа явагдсан байна. Энэ тохиолдолд 8 хувийн зээлтэй адил хөрөнгө итгэмжлэн удирдагч нь банкнаас МИК рүү шилжиж Улсын бүртгэлийн газарт бүртгэл хийх зохицуулалттай. Тухайн иргэнд банкны өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийг 8 хувийн хөтөлбөрт хамрагдаагүй байхад хөрөнгө итгэмжлэн удирдагч нь МИК болсон нь эргэлзээ төрүүлж, хөтөлбөрийн зээл, банкны өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийг хольж, хутгаж ойлгосон байж болзошгүй юм. 
Мөн тухайн харилцагчийн нэр дээр 6 хувийн зээл олгосон байгаа асуудал хөндөгдсөн бөгөөд зээлийн мэдээллийн сангаас өөрөө шалгах боломжтой. Арилжааны банк Монголбанкны, МИК Санхүүгийн зохицуулах хорооны, мөн хоёулаа олон улсаас хөрөнгө босгосон, гадаадын хуулийн фирм, хөндлөнгийн аудит, үнэлгээний байгууллагууд тогтмол хяналт шалгалтад хамрагддаг, тодорхой тогтсон цаг хугацаанд тайлан мэдээгээ хүргүүлдэг мэргэжлийн байгууллагын хувьд мөнгө хүүлэх ямар ч боломжгүйг энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд хэлэх нь зүйтэй. 
Эцэст энэ үйл ажиллагаа нь энгийн хүмүүст ойлгоход хэцүү, зохицуулалт их, олон тооны гэрээ, ойлгомжгүй үг хэллэг их байдаг тул ойлголцлын асуудал үүссэн гэж харж байна.
БАНК-ХАРИЛЦАГЧ нар нүүр тулан, ойлголцолд хүрнэ гэж найдаж байна.