Вьетнам улсад хулгайн гэмт хэрэг үйлдсэн найман монгол иргэн 8-10 жилийн хорих ялаар шийтгүүлжээ

  • 2024/03/24 01:54

Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Вьетнам улсын Винь Фук муж дахь Винь Куанг хорих ангид ял эдэлж байгаа монгол иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, ял эдэлж буй нөхцөл байдалтай нь танилцжээ.

Вьетнам улсад Монгол Улсын есөн иргэн хорих ял эдэлж байгаа аж. Эдгээрээс хулгайлах гэмт хэрэгт 8-10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлсэн найм, хууль бусаар олж авсан бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн нэг иргэн байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5-12 жил байдаг бол БНСВУ-ын хуульд зааснаар энэ төрлийн гэмт хэрэгт 12-20 жилийн хорих ял оногдуулдаг.

Уулзалтын үеэр дээрх иргэдээс хоёр орны нийгэм ахуйн соёлын ялгаатай байдлын улмаас учирч байгаа хүндрэл, хоол хүнсний бэрхшээлийн талаар санал хүсэлт гаргасныг хорих ангийн удирдлагад болон БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын Эрүүгийн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих газрын холбогдох албан тушаалтнуудад уламжилж, анхаарч үзэхийг хүсжээ.

Хорих ял эдэлж байгаа монгол иргэдийн үлдсэн ялыг эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэх асуудлыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний нөхөн төлөлт, хорих ял биечлэн эдэлсэн хугацаа зэргийг харгалзан үзэж тус улсын дотоодын хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу шийдвэрлэж байх талаар хоёр улсын прокурорын эрх бүхий албан тушаалтнууд ярилцсан байна.

 

Эх сурвалж: УЕПГ