Алипэйгийн цахим гүйлгээ хятадуудын хэрэглээг өдөөж байна

  • 2024/05/08 17:20

Саяхан болж өнгөрсөн Хятадын Хөдөлмөрийн баярын амралтын үеэр Alipay аппликейшныг ашигласан гүйлгээ хилийн чанадад 77 хувиар, дотооддоо бүр 700 хувиар өсчээ.  Амралт тохиолдуулан дотоодын болон гадаадын аялал жуулчлалыг идэвхтэй хийдэг хятадууд энэ удаагийн баяраар амралт зугаалгаар өмнөх жилээс 10 хувиар илүү мөнгө зарцуулсан болохыг тус төлбөрийн хэрэгслийг ашиглан хийсэн гүйлгээний мөнгөн дүн харуулж байна. Хятадуудын хамгийн их зорьж аялсан маршрут нь Хонконг, Япон, Макао, Өмнөд Солонгос, АНУ, Тайланд байжээ. 

Хятадуудын хилийн чанад дахь хэрэглээ, зарцуулалт өссөн нь нэг талаас тэдний ашигладаг Alipay төлбөрийн хэрэгслийн үр дүн гэж эдийн засагчид үзэж байна. Хятадын "Алибаба" группийн нэг хэсэг болох “Ant” финтек компанийн хэрэглээнд нэвтрүүлсэн Алипэй төлбөрийн хэрэгслийг одоогийн байдлаар дэлхийн 70 гаруй улс оронд нэг тэрбум гаруй хүн ашиглаж байгаа юм. Дэлхийн хэмжээнд Алипэйгээр дамжуулан гүйлгээ хүлээн авдаг худалдаа, үйлчилгээний газар, бизнесүүдийн тоо  80 саяд хүрчээ. Зөвхөн өнгөрсөн сард гэхэд 14 улсын цахим банк, цахим хэтэвчний аппликейшн Алипэйтэй холбогдсон байна. 

Ийнхүү Алипэй дэлхийн олон улс оронд нэвтэрч, энэ төлбөрийн хэрэгслийг ашигладаг бизнесийн хүрээ өргөжиж байгаа нь хилийн чанадад явахдаа мөнгө солиулах, өөр улсын банк, ATM ашиглах зэрэг төвөг чирэгдлийг үгүй болгож, гүйлгээг хялбарчилснаар, хятадуудын хэрэглээ, мөнгөний зарцуулалтыг улам өдөөж байгаа аж.  Ялангуяа Малайз, Тайланд зэрэг өртөг багатай улс оронд хятадуудын Алипэйг ашигласан гүйлгээ маш их байсан бөгөөд Малайзад гэхэд өнгөрсөн жилийн Хөдөлмөрийн баярын үеэс 171 хувиар их мөнгийг Хятадын жуулчид зарцуулжээ. 

Б.Сэвжидмаа