WEF: 6 настнуудын 65 хувь нь ирээдүйд шинэ мэргэжлээр ажиллана
- 2024/05/08 17:09
Өнөөдөр сургуульд орж байгаа хүүхдүүдийн 65 хувь нь ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд гарахдаа одоо та бидний мэдэхгүй цоо шинэ ажил мэргэжлийг эзэмших шаардлагатай болно гэж Дэлхийн эдийн засгийн форумын хийсэн судалгаа харуулжээ. Үүнийг “Тоmoro AI” компанийн захирал Эд Брюссард мөн баталж байна.
Тэрбээр “Daily Mail” цахим хуудсанд ярилцлага өгөхдөө бидний хүүхдүүд ирээдүйд үүсэх шинэ ажил мэргэжлээр амьдралаа залгуулах шаардлагатай болох нь гарцаагүй гэж ярьжээ. Хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар компаниудад зөвлөгөө өгдөг “Тоmoro AI” компанийг удирддаг тэрээр энэ өөрчлөлтөд хүүхдүүдээ бэлэн байлгахын тулд одоо дөнгөж сургуульд элсэн орж байгаа багачуудыг 5, 6 наснаас эхлэн хиймэл оюун ухаантай ажиллуулж сургах хэрэгтэй гэж зөвлөж байна. Жишээлбэл, энгийн ChatGPT-г ашиглан өөрийн санаагаа хөгжүүлэн зохиол бичих, тоглоом зохион бүтээх, эсвэл сонирхсон зүйлээ судалж мэдэх зэргээр хиймэл оюуныг өдөр тутмын амьдралдаа ашиглаж, түүнд дасах хэрэгтэй гэнэ.
Ирээдүйн ажил олгогчдод хиймэл оюуныг төрөлх чадвар мэт эзэмшсэн хүмүүс хамгийн хэрэгтэй. Харин хүүхдүүдээ тийм чадвар эзэмшүүлэхийн тулд одооноос эхэлж, хиймэл оюуныг ашиглаж сурах шаардлагатай аж. Үүний тулд мэдээж боловсролын хөтөлбөрт өөрчлөлт оруулж, шинэ тутам технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг хүүхдүүдэд олгох ёстой. Түүнээс гадна эцэг эхчүүд энэ тал дээр хүүхдүүдээ дэмжих боломжууд ч нээлттэй бий гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эд Брюссардын зөвлөснөөр эцэг эхчүүдийн хүүхдүүддээ сургах ёстой хамгийн чухал чадвар бол шинэ техник технологийг ашиглуулж сургахаас гадна интернэтээс хальж сэтгэдэг буюу өргөн цар хүрээний сэтгэлгээтэй болох явдал гэнэ. Интернэтийн ачаар одоо бид өөрт хэрэгтэй ихэнх мэдээллийг Google, Wikipedia зэрэг эх сурвалжаас онлайнаар маш хялбархан авдаг болсон. Энэ нь орчин үед хүний амьдралыг асар их хялбарчилсан ч тэр хэрээр биднийг ой ухаандаа мэдээллийг шингээн авч, боловсруулах оюуны цараагаа тэлэхэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн.
Хүмүүс шаардлагатай үедээ хэрэгцээтэй мэдээллээ маш хурдан, хялбараар авдаг болсноор сэтгэлгээ хумигдаж байгаа юм. Энэ нь хиймэл оюуныг ашиглах ирээдүйн мэргэжилтнүүдийн хувьд маш сул тал болно. Учир нь, одоо дөнгөж эхэлж буй хиймэл оюуныг ирээдүйд хүн төрөлхтөний аж амьдралын талбар бүрт ашиглах хэрэгцээ шаардлага урган гарна. Харин түүнийг хөгжүүлэгчид нь одоогийн хүүхдүүд юм.
Тэд одоогийн амьдралын хэв маягийг хэрхэн хиймэл оюуны эрин үе рүү шилжүүлж болох вэ гэдэг гаргалгааг олж чаддаг мэргэжилтнүүд болохын тулд интернэтээс хальсан гүнзгий түвшний мэдлэгтэй, баригдмал бус сэтгэлгээтэй байх шаардлагатай. Үүний тулд хүүхдүүдээ аливаа шинэ мэдлэгт сониуч байхыг дэмжиж, сонирхсон зүйлээ гүнзгий судалж, юмсын цаад нарийн механизмыг нь ойлгодог болгох нь чухал гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Artificial intelligence is projected to destroy many jobs this decade
Б.Сэвжидмаа