“Apple” өөрийнхөө 110 тэрбум ам.долларын хувьцааг худалдан авна
- 2024/05/05 13:06
“Apple” компани зах зээлээс өөрийнхөө 110 тэрбум ам.долларын хувьцааг эргүүлэн худалдан авах болсноо зарлалаа. Компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк энэ мэдээг зарламагц “Apple”-ийн хувьцаа зургаан хувиар өссөн байна.
“Apple” хувьцаагаа эргэн татаж авахад хүргэсэн хамгийн том хүчин зүйл бол борлуулалтын орлого буурч буй явдал. Энэ оны эхний улирлын борлуулалтын орлого 90,8 тэрбум ам.доллар, үүнээс цэвэр ашиг нь 23,6 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар багассан үзүүлэлт болж байна.
“Apple”-ийн орлого багассан нь өнгөрсөн оны есдүгээр сард худалдаанд гарсан iPhone 15 утасны эрэлт сайнгүй, борлуулалт муу байгаатай холбоотой. Энэ оны эхний гурван сард “Apple” нийтдээ 45.96 тэрбум ам.долларын iPhone борлуулжээ. Apple-ийн хамгийн том зах зээлийн нэг Хятадын хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэгч Huawei, Xiaomi-гийн шинэ загварын утсын худалдан авах хандлага нэмэгдсэнээр iPhone утасны эрэлт багасч, борлуулалт нь суларсан. Тиймээс “Apple” компани дараагийн шинэ бүтээгдэхүүнүүддээ хиймэл оюун ухааны дэвшлийг илүү ашиглаж, улмаар хэрэглэгчдийн сонирхлыг эргүүлэн татахыг хичээх байх гэсэн хүлээлт байна. Гүйцэтгэх захирал Тим Күүк өчигдөр хийсэн мэдэгдэлдээ ч ийм амлалт өгсөн. Тэрбээр хиймэл оюун ухааныг ашиглан өрсөлдөгчдөө ардаа орхисон шинэ бүтээгдэхүүн гаргах болно гэж амласан юм.
Apple-ийн эхний улирлын санхүүгийн тайлангаас сонирхол татсан бусад тоог дурдвал, “Мас” компьютерийн борлуулалт дөрвөн хувиар нэмэгдэж, 7.5 тэрбум ам.долларт хүрчээ. Харин iPad-ны борлуулалт жилийн өмнөхөөс 17 хувиар буурч, 5,6 тэрбум ам.доллар болсон байна. Мөн Airpod чихэвч, ухаалаг цаг, Vision pro шил зэрэг Apple-ийн хэрэглээний бүтээгдэхүүнүүд төсөөлснөөс бага орлого оруулжээ.
Маш их хөрөнгө оруулж, судалгаа хөгжүүлэлт хийсний дүнд бүтээсэн, 3499 ам.долларын үнэ бүхий “Vision pro” ухаалаг шил нь компанийн орлого ашгийг нэмэгдүүлэхэд төдийлэн хувь нэмэр оруулж чадахгүй байгаа ч зах зээлд нэвтрүүлсэн технологийн дэвшил нь үлэмж их гэж Тим Күүк магтсан байна. Тэрээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Fortune 100-д багтдаг дэлхийн тэргүүлэгч компаниудын 50 хувь нь “Vision pro”-г худалдан авч, одоогоор зах зээлд аль ч компанийн нэвтрүүлж чадаагүй технологийн дэвшлийг судалж байгаа гэж хэлжээ.
Б.Сэвжидмаа