“Samsung Electronics”-ийн ашиг 932 хувиар өслөө
- 2024/05/05 13:03
“Samsung Electronics” компанийн үйл ажиллагааны орлогоос олсон ашиг энэ оны эхний улиралд 932,8 хувиар өсчээ. Ковидоос улбаалан 2023 онд урьд хожид үзээгүй алдагдал хүлээж, хүнд нөхцөл байдалтай тулгарч байсан тус компани NAND нэрийн мемори бизнес болон Galaxy S24 утас өндөр эрэлттэй байгаагийн ачаар эргээд хэвийн байдалдаа орж байна. “Samsung Electronics” энэ оны эхний гурван сард нийтдээ 71.92 их наяд вон буюу 52.3 тэрбум ам.долларын орлого олсноос 6.61 их наяд воны ашигтай ажиллажээ.
Энэ өндөр өсөлтөд зонхилох нөлөө үзүүлсэн хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, хиймэл оюун ухааны технологийн хөгжил сүүлийн үед эрчимжиж байгаа нь “Samsung Electronics”-ийн үйлдвэрлэдэг мемори флашын эрэлтийг нэмэгдүүлжээ. Өндөр нэмүү өртөг шингээн үйлдвэрлэдэг мемори флашын бизнес нь тус компанийн хувьд ойрын ирээдүйн ашиг орлогыг нэмэгдүүлэх гол эх үүсвэр байх болно гэж үзэж байна.
Учир нь тэд мемори флашын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг, гол нийлүүлэгч юм. Тайваньд өнгөрсөн сард болсон газар хөдлөлтийн улмаас тус улсын мемори чип үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа түр доголдож, бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаа. Үр дүнд нь “Samsung”-ийн ашиг орлого хоёрдугаар улиралд ч үргэлжлүүлэн өсөх төлөвтэй байна.
Хоёрдугаарт, худалдаанд гараад удаагүй Galaxy S24 утас хиймэл оюун ухааныг өрсөлдөгчдөөсөө илүү нэвтрүүлж чадсанаар хэрэглэгчдийн сонирхлыг татаж, эрэлт өндөр байна. Хиймэл оюун ухааныг зураг авах, шууд орчуулга хийх зэргээр ашиглах боломжийг олгосон S24 утасны борлуулалт өмнөх загвар S23-тай харьцуулвал 28 хувиар өндөр байгаа аж.
Б.Сэвжидмаа