“Binance”-ийн эзэн Чанпен Жао хамгийн баян хоригдол болов
- 2024/05/05 12:51
Дэлхийн хамгийн том крипто хөрөнгийн бирж “Binance”-ийг үндэслэгч, тэрбумтан Чанпен Жао дөрвөн сар эрх чөлөөгөө хасуулан, хоригдохоор боллоо. Сиатл хотын холбооны шүүх түүнийг хөрөнгийн бирж дээр мөнгө угаасан гэдэг зүйл ангиар буруутган яллажээ. Хууль сахиулагчид гурван жил шахам түүний араас хөөцөлдөж, 12-18 сар хорих ял төлөвлөж байсантай харьцуулвал маш хөнгөн шийтгэл оногдууллаа гэж ажиглагчид үзэж байгаа ч түүний ялыг хөнгөрүүлэх хэд хэдэн үндэслэл бий аж. Тодруулбал, Чанпен Жао өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын Засгийн газрын зарим шаардлагыг хүлээн авснаар сүүлийн хэдэн жил үргэлжилж байгаа “Binance” хөрөнгийн биржид хийсэн шалгалтыг эцэслэхээр тохиролцсон.
4,3 тэрбум ам.долларын өртөгтэй энэ тохиролцоогоор Чанпен Жао компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорч, ТУЗ-ийг хөндлөнгийн, хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг зөвшөөрсөн юм. Үүний үр дүнд “Binance”-ийн ТУЗ-ийн долоон гишүүний гурав нь хараат бус гишүүн болсон бөгөөд тэдний нэг болох Габриель Абед одоо зөвлөлийг тэргүүлж буй.
Чанпен Жао хорих ял сонссоноор шоронд суусан хамгийн баян хүн болж байгаа юм. “Forbes” сэтгүүлээс түүний хөрөнгийн хэмжээ 2024 оны гуравдугаар сарын байдлаар 33 тэрбум ам.доллар гэж тооцсон бол “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээр түүнээс ч өндөр буюу 42,9 тэрбум ам.долларт хүрсэн гэж үздэг. Үүсгэн байгуулсан “Binance” биржийнхээ 90 хувийг эзэмшдэг Чанпен Жаогийн хөрөнгө түүнийг хоригдож байх хугацаанд ч өссөөр байх болно гэж мэргэжилтнүүд тооцож байна.
Яагаад гэвэл АНУ-ын эрх баригчидтай хийсэн тохиролцоогоор Жаогийн хувийн хөрөнгийг битүүмжлэх, царцаах, мөнгөн дүнгээр торгох зэрэг арга хэмжээ авахгүй гэдэг нь тодорхой болсон. Түүнийг зөвхөн АНУ-ын Банкны нууцын тухай хуулийг зөрчсөн гэдэг нэг л үндэслэлээр буруутгасан ба энэ нь хууль зөрчсөн анхны тохиолдол, мөн өөрийн хүсэлтээр шалгуулж, эрх баригчдын шаардлагыг сайн дураар хүлээн авсан учраас ийн хөнгөн шийтгэл оногдуулж байгаа аж.
Чанпен Жаогийн 2017 онд үүсгэн байгуулсан Binance нь крипто валютын арилжааны хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. 2023 оны үзүүлэлтээр тус бирж дээр 18,1 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээний арилжаа хийсэн байдаг. 2023 оны арваннэгдүгээр сад Чанпен Жао гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрох үед Binance-ийн зах зээлд эзлэх хувь 41,6 хүртэл унасан боловч крипто хөрөнгийн биржүүд дундаа хамгийн том тоглогч хэвээр үлдсэн юм.