Барилгын салбарынхантай санал солилцжээ

  • 2024/04/30 19:24


"Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан өнөөдөр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшинтэй уулзаж санал солилцохдоо “Барилгын салбарт үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал болоод барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалахад мэргэжлийн төрийн бус байгууллагууд идэвх санаачилгатай оролцох, бизнес эрхлэгчид хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо төр болон олон нийтэд хүргэх нь чухал” гэдгийг онцоллоо. 

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд гадаадын ажиллах хүчний квот, ажлын байрны төлбөр хураамжийг хөнгөлүүлэх, ковид нөхцөл байдлын улмаас санхүүгийн хүндрэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-ын татвараас чөлөөлөх асуудалд ч хамтын дуу хоолой чухал байгааг тэрбээр нэмж дурдсан юм.

Ийм ч учраас мэргэжлийн холбоодын төрийн хэмжээнд хүргэх чухал асуудлуудыг цар хүрээний хувьд салбар бүрийг багтаасан нэгдсэн нэгдмэл байр суурьтайгаар хүргэх нь өдгөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлээд буй Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийн үндсэн зорилгуудын нэг юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин үүнтэй холбогдуулан мэргэжлийн холбоодтой уулзаж танхимын хуулиар дамжуулан төр хувийн хэвшлийн тэнцвэргүй харилцааг багасгах, бизнесийн байгууллагуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, ТББ-ыг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх, салбарын мэргэшсэн мэргэжлийн холбоодтой нэг зорилгын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

МБҮА нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эгнээндээ барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн реалтор, барилга угсралт гэх мэт өргөн хүрээний чиглэлийн 170 гаруй гишүүн компанийн төлөөлөл болж ажилладаг салбарын мэргэжлийн, үндэсний бүтээн байгуулагдын хамгийн том нэгдэл гэгдэх ТББ юм. Түүнчлэн Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл” төслийг Франц Улсын "Жэрэс Монгол" ТББ болон салбарын бусад түншлэгч байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг.