NFL-ийн шинэ тоглогчийн сонгон шалгаруулалт 160 сая ам.долларын ашиг авчирчээ
- 2024/04/30 17:27
Америк хөлбөмбөгийн мэргэжлийн лиг болох NFL-ийн шинэ тоглогчийн сонгон шалгаруулалт явагдлаа. Энэ удаагийн драфтын үйл ажиллагаа Детройт хотод гурван өдрийн турш үргэлжилсэн юм. Гурван өдрийн турш нийт 775 мянган үзэгч "Моторт хот"-ын төвд цугларсан нь шинэ рекорд болов. Өмнө нь 2019 онд Нэшвилл 600 мянган хүн цугларч байжээ.
Зөвхөн эхний өдөрт 275 мянган хүн цуглан, эхний тойргоор сонгогдсон шинэ тамирчдын гэрч болсон аж. Гурван өдрийн үргэлжилсэн драфтын үйл ажиллагаа үнэ төлбөргүй боловч зочид буудал, баар, ресторан, барааны борлуулалтаар хотын эдийн засагт 160 гаруй сая ам.долларын үр өгөөж үзүүлэх төлөвтэй байгааг шинжээчид дүгнэжээ.
Түүнчлэн нэгдүгээр тойргийн сонголтоор хэн тодрохыг шинжихээр 12.1 сая хүн шууд дамжуулалтаар үзсэн баримтыг ESPN теле суваг танилцуулав. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зургаан хувиар өссөн үзүүлэлт юм.
NFL-ийн зүгээс жил бүрийн NFL-ийн драфтыг Нью-Йорк хотод зохион байгуулдаг байв. Гэвч 2014 оноос хойш өөр хотуудад зохиох болсноор энэ үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд Чикаго хот л хоёр удаа (2015, 2016) зохион байгуулжээ.
Ирэх жилийн драфтыг Грин Бэй хот "Lambeau Field" цэнгэлдэхдээ хүлээн авах аж.
Сонирхуулахад энэ жилийн драфтын номер нэгээр "Чикаго Биерс" баг Калеб Уильямсыг сонгосон. К.Уильямс драфтын тэргүүн сонголт болсныхоо шанд дөрвөн жилийн хугацаанд 39.5 сая ам.долларын гэрээг үзэглэх болсон. Үүний 25.5 сая "ногоон" нь гэрээ байгуулсны шагнал билээ.
Т.Цэгц