Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" компани, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран Сөүл хотноо "Монголд үйлдвэрлэв-2024" үзэсгэлэн худалдааг тав дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ удаад ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгал, зөөлөн оёдол, эрүүл мэнд болон хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэсэн байна. Уг үзэсгэлэнгийн зорилго нь Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллахад чиглэж байгаа аж.
Жил ирэх тусам бараа, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, борлуулалт нь амжилттай байгаа "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа Сөүл хотод энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
БНСУ нь манай улсын гадаад харилцааны дөрөв дэх түнш орон бөгөөд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын бүртгэлээс авч үзвэл манай улсаас тус улсад хийсэн экспорт 150 сая ам.доллар, импорт 414.9 сая ам.доллар, нийт бараа бүтээгдэхүүний эргэлт 564.9 ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ