Дижитал сурталчилгаа эргэн сэргэлээ
- 2024/04/29 11:31
Дижитал зар сурталчилгаа сэргэж эхэлжээ. 2022 оноос эхэлсэн хүчтэй уналтын улмаас технологийн аварга компаниуд бүсээ чангалж, цомхотгол хийхэд хүрсэн хүндхэн хоёр жилийг туулсан. Харин 2024 оны эхний улирлын тайлан мэдээгээр Meta, Google, Youtube, Snap зэрэг томоохон дижитал сувгуудын сурталчилгааны орлого бүгд өссөн дүнтэй гарч байна. Тухайлбал, “Facebook”-ийг эзэмшигч “Meta” компанийн сурталчилгааны орлого энэ оны эхний улиралд 27 хувиар өсч, 36,5 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ бол 2022 онд зах зээлийн нийт үнэлгээнийхээ гуравны хоёрыг алдсан “Meta”-гийн хувьд сайн мэдээ.
“Google”-ийг эзэмшигч “Alphabet” ч өнгөрсөн улирлын тайлангаас сайн мэдээ сонсчээ. Тус компанийн сурталчилгааны орлого өмнөх жилийн мөн үеэс 13 хувиар нэмэгдэж, 61.66 тэрбум ам.доллар олсон байна. Үүнд тус компанийн эзэмшдэг “Youtube”-ийн 8,09 тэрбум ам.долларын орлого ч тодорхой хувь нэмэр оруулжээ. “Youtube” сувгийн орлого өнгөрсөн жилийнхээс 21 хувиар өссөн аж. “Alphabet” -ийн сурталчилгааны орлого сайжирсан тухай мэдээлэл хувьцааны үнэ өссөн гэдэг өөр нэг сайн мэдээг араасаа дагууллаа. Өнгөрсөн баасан гарагт тус компанийн хувьцаа 10 хувиар өссөн нь 2015 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
“Snapchat” сүлжээний дижитал сурталчилгаанаас олох орлого мөн 21 хувиар өссөн болохыг компанийн удирдлагууд зарлалаа. Энэ өсөлтийн дүнд “Snap” компанид 1,19 тэрбум ам.доллар орж ирсэн нь сүүлийн хоёр жилийн хугацаанд олсон хамгийн өндөр орлого байв.
Дээрх компаниудын араас “Pinterest”, “Amazon”, “Reddit” зэрэг дижитал сурталчилгааны томоохон сувгууд ашиг орлогын тайлан мэдээгээ танилцуулахыг хүлээж байна. Дижитал сурталчилгаа сэргэсэн нь илт мэдэгдэж байгаа учраас эдгээр компанийн сурталчилгааны орлого ч өссөн нь гарцаагүй гэсэн хүлээлт байгаа юм.
Зар сурталчилгаа дамжуулах сувгууд нь зөвхөн интернэтээр зогсохгүй, телевиз, радио, сонин хэвлэл, гудамжны, хөдөлгөөнт самбар гэх мэт олон төрөлтэй маркетеруудын хамгийн их сонгож буй сурталчилгааны хамгийн хүчтэй хэрэгсэл нь интернэт сувгууд юм. 2022 оны байдлаар дэлхийн нийт зар сурталчилгааны 62 хувь нь интернэт сувгуудаар цацагджээ. 2023 оны статистикаар дэлхий даяар дижитал сурталчилгаанд 601.84 тэрбум ам.долларыг зарцуулсан байна.