Хиймэл оюун ухааны төлөө “Meta” 200 тэрбум ам.доллар алдлаа
- 2024/04/25 13:45
Энэ оны эхний улиралд “Meta” компанийн орлого төсөөлснөөс ч өндөр дүнгээр өсч, 36.5 тэрбум ам.долларт хүрсэн боловч өчигдөр хувьцаа нь гэнэт уналаа. “Meta”-гийн хувьцаа 19 хувиар унаснаар зах зээлийн үнэлгээнээс нь 200 тэрбум ам.доллар арчигдаад байна. Сайн, муу мэдээ ээлжилсэн энэ тогтворгүй байдал “Meta” компани метаверс, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хэтэрхий ихийг зарцуулж байна гэсэн хөрөнгө оруулагчдын зовнилоос үүдэлтэй юм. Энэ савлагаат нөхцөл байдлыг мэдэрч буй Марк Закерберг хөрөнгө оруулагчдад хандан хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд зориулж буй нүсэр хөрөнгө оруулалт нь эргээд мөнгө болон орж ирэхэд тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг санууллаа. Тэрээр “Meta” компани хиймэл оюуны ухааны чиглэлд тэргүүлэгч болж, түүнийг нийгмийн сүлжээний зар сурталчилгаа, төлбөртэй контент, бизнес мессэж зэрэг үйлчилгээнд ашиглан мөнгө олох системийг бүтээхэд цөөнгүй жил хэрэгтэй байна гэж өчигдөр мэдэгдсэн юм.
Нийт орлогынхоо 98 хувийг зар сурталчилгаанаас олдог “Meta” компани хиймэл оюуны ухааны тусламжтайгаар сурталчилгааны орлого улам өснө гэдэг итгэлтэйгээр одоо их хэмжээний зардал гаргаж байгаагаа тайлбарлаж байна. Одоо ч хиймэл оюун ухаан “Meta”-гийн аппликейшний хандалтыг өсгөхөд туслаж байгаа ба цаашид зар сурталчилгааны чанарыг сайжруулах, түүгээр дамжуулан илүү үнэ цэнэ бүтээхэд тустай гэж итгэж байгаа аж.
Харин одоогоор “Meta”-гийн метаверсийн програм хангамж ба софтвейрийн хөгжүүлэлтийг хийдэг “Reality Labs Unit” их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа. Тус нэгж энэ оны эхний улиралд 440 сая ам.долларын борлуулалт хийсэн ч энэ нь 3,84 тэрбум ам.долларын алдагдлынх нь талыг ч нөхөж чадахгүй юм. Нийтдээ 45 тэрбум ам.долларын алдагдлыг тус нэгж 2020 оноос хойш хүлээгээд байгаа ажээ.