Төсвийн тэнцэл 1.6 их наядын ашигтай гарчээ
- 2024/04/23 18:59
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний гурван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (51.3%) их наядаар өсжээ. Мөн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 7.3 их наяд төгрөгт хүрч, 2.5 (52.7%) их наядаар тус тус өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний гурван сард 5.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наядын ашигтай гарчээ.
Татварын нийт орлого 2024 оны эхний гурван сард 6.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (52.3%) их наядаар өсөв. Ийнхүү өсөхөд орлогын албан татварын орлого 1.1 (78.7%) их наяд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 532.8 (88.3%), нэмэгдсэн өртгийн албан татвар 303.8 (30.9%), онцгой албан татвар 114.2 (68.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.