"Онтрэ ресурс” компанийн дараа стратегийн 39 ордын 34 хүртэлх хувь ард түмний мэдэлд ирнэ

  • 2026/11/21 17:41

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн Газрын хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал "Онтрэ Ресурс" компани болон "Рио Тинто" компанийн төлөөлөлтэй ирэх жилийн нэгдүгээр сард хэлэлцээрийн ширээний ард сууна гэдгээ зарлалаа.
Энэ хоёр компанитай хэлэлцээрийн ширээний ард сууснаар "Оюу Толгой" компанийн ногдол ашиг болох 1 тэрбум ам.долларыг хэрхэн авах талаар ярилцана. Тэр дундаа "Онтрэ Ресурс" компанийн үр өгөөжийн ихэнх хувийг Монголын ард түмэнд илүүтэй өгдөг болгохын төлөө байх болно гэдгээ Ерөнхий сайд хэлэлцээр хийгчдэд чиглэл болгож буй аж. 
Сүүлийн 16 жилийн улстөрчдийн хэрүүлийн бай болсон стратегийн ордуудын хувь эзэмшлийг нэг талд нь гаргах эхний алхам нь "Онтрэ Ресурс" байх болно гэдгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд онцолж байна. 
Өмнө хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг сайжруулахаас гадна стратегийн гол 15 орд түүн дээр нэмээд 39 стартегийн дэд ордын 34 хүртэлх хувийг ард түмний мэдэлд буюу төрийн эзэмшлийн хувь болгох хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар батлуулахаар МАН-ын гишүүд шийдэлд хүрсэн бололтой. 
Хэрвээ МАН-ын бүлгийн 68 гишүүн уг хуулийг хүч түрэн хэлэлцүүлэн баталвал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баталгаатай өндөр оноо авахаар байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэнэтийн огцролт Ерөнхийлөгчийн сонгуулийг нааш татсан нь унасан нэр хүндээ босгох яаралтай арга хэмжээ авахыг МАН-ын гишүүдэд дохио боллоо.
Стратегийн ордуудын 34 хүртэлх хувийг авах хуулийг батлуулж чадвал МАН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд батаараа ялж чадна. 
Ардчилсан намын УИХ дахь зарим гишүүд Стартегийн ордуудын 34 хүртэлх хувийг ард түмний мэдэлд авбал гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх аюултай гэж анхааруулж байгаа. Харин О.Батнайрамдал нарын гишүүдийн үзэж байгаагаар ашиглалтад орж, үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа стратегийн ордуудын хувьд 34 хүртэлх хувийг төрийн мэдэлд авах нь Монголчууд өмчөө мэддэг болох том алхам гэж үзэж байгаа аж.
Хэрвээ АН-ын гишүүд хөрөнгө оруулагчдыг хамгаалж байна гэсэн байр суурийг илэрхийлээд байвал 2027, 2028 онд УИХ-д олонхи болох мөрөөдөл ахин 4 жилээр хойшлох болно.
 Түүнийгээ ч АН-ын зарим гишүүд гадарлаж байгаа бололтой. Тухайлбал УИХ гишүүн С.Ганбаатар хуульд өөрчлөлт оруулснаар миний 20 жилийн тэмцэл ялж Монгол ард түмэн уул уурхайгаас жинхэнэ ашгаа хүртэх цаг болсон хэмээн мэдэгдэж 2028 онд ахин УИХ-д суух замаа заслаа. 
Ийнхүү 2027 оны хаврын чуулган эхлэнгүүт Монголын ард түмэн уул уурхайн өгөөжийг хүртэх хуулийг хэлэлцэхээр боллоо.