Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо
- 2026/11/12 16:15
Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд, дэд ажлын хэсгийн гишүүд, Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, Улаанбаатар хот болон Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй хадгаламж, зээлийн хоршоодын төлөөлөл оролцож, хуулийн төслийн үзэл баримтлал, шинэчлэл, хэрэгжилтийн үр нөлөөний талаар санал солилцлоо.
Хуулийн төсөлд салбарын төлөөлөл, иргэд олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг 2025 онд бүсчилсэн байдлаар 5 удаа зохион байгуулсан. Улмаар салбарын төлөөлөл, иргэдээс ирүүлсэн саналыг хуулийн төсөлд тусгаж, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Харин өнөөдрийн хэлэлцүүлгээр өмнө зохион байгуулсан хэлэлцүүлгүүдийн үеэр гарсан санал хуулийн төсөлд туссан эсэх талаар тайлбар өгч, хуулийн төслийн сүүлийн хувилбарыг танилцуулж, оролцогчдын байр суурийг сонслоо. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд бусад хадгаламж, зээлийн хоршоодоос санал авах ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.