Монголд олон “Энержи ресурс” хэрэгтэй

  • 2026/11/04 14:43

Ухаахудагийн уурхай гэж ярих нь бий. “Энержи ресурс” компани Тавантолгойн ордын Ухаахудагийн хэсгээс коксжих нүүрс олборлож экспортолдгийг монголчууд мэднэ. Ухаахудагийг зөвхөн уурхай гэсэн ойлголтоор хязгаарлавал өрөөсгөл. Уул уурхайн цогцолбор гэвэл зохино. Гэхдээ орчин цагийн цогцолбор. Орчин цагийн гэсэн санаа нь нэмүү өртөг бүтээдэг гэсэн агуулгыг илэрхийлж буй юм. Социалист нийгэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед Монгол Улс Багануур, Шарын гол зэрэг уурхайнуудыг тээвэр ложистикийн болон нийгмийн дэд бүтэцтэй цогцолбор байдлаар хөгжүүлсэн түүхтэй. Гэхдээ эдгээрт нэмүү өртөг бүтээх гэсэн ойлголт бараг байгаагүй. Одоо ч хуучны эдгээр уурхай орчин цагийн ноу хауг шингээж чадахгүй, социализмын дүр төрх, тэндээс уламжилсан арга барилаараа явааг бид хардаг. Ухаахудагийн төслийг тэдэнтэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаа бий. 

“Энержи ресурс” компани Ухаахудагийн төслийг 2009 онд эхлүүлэхдээ уурхайгаас гадна баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, авто болон төмөр зам, усан хангамжийн систем гэх мэт хатуу дэд бүтэцтэй байхаар төлөвлөсөн. Мөн уурхайчдын орон сууцны хороолол, хүүхдүүд нь боловсрол олгох цэцэрлэг, сургууль, дотуур байр, бусад дагалдах дэд бүтцийн хамт байгуулахаар төлөвлөсөн байдаг. Түүх эргэн сөхвөл, тэдний хамт олон төмөр зам тавихаас бусад дэд төслөө хэрэгжүүлж чаджээ. Засгийн газар нарийн царигаар төмөр зам тавиулахгүй гээд төслийг нь зогсоосныг монголчууд санах болов уу.  

Одоо Ухаахудагийн талбар дээр уурхайгаас гадна жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай, гурван модуль бүхий үйлдвэр, жилд 18 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станц, хоногт 1200 тонн бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ажиллаж байна. Мөн 1400 хүүхдийн сургууль, 140 хүүхдийн цэцэрлэг ажиллаж, 700 орчим айлын орон сууц ашиглалтад оруулсан. Анх ажилтнууддаа зориулан орон сууцны хотхон, сургууль, цэцэрлэг байгуулж, түүний хэвийн ажиллагааг хангах цэвэр усны татуурга, цэвэрлэх байгууламж барьсан нь өдгөө 20 мянган хүн амтай болсон Цогтцэций сумын суурь дэд бүтэц болжээ. Цахилгаан станц нь 2011-2025 оны хооронд Цогтцэций сумыг эрчим хүчээр дангаар хангаж ирсэн. “Энержи ресурс” компани эдгээр төслийг дөрвөн их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн гэх тооцоолол бий.

 Цогцолборын цэвэрлэх байгууламж 2025 он хүртэл 132 мянган шоо метр ахуйн бохирдлыг цэвэрлэжээ. Цэвэрлэх байгууламжийн орлогоос зарлага нь жилд таван тэрбум төгрөгөөр давдаг гэнэ. Хямд тарифаар үйлчилгээ хүргэж буй нь компанийн нийгмийн хариуцлагын бодлого гэдэг нь дамжиггүй. Ухаахудагийн цахилгаан станц өнгөрсөн хугацаанд 1.5 тэрбум кВт цаг цахилгаан үйлдвэрлэжээ. Ингэснээр 118 сая ам.долларын валютын гадагшлах урсгалыг дотооддоо үлдээснийг MMCG байгууллагын “Монгол Улсын нийгэм, эдийн засагт “Энерги ресурс” компанийн оруулсан хувь нэмэр” судалгаа харуулсан байна. Энэ бол эл компанийн дотоодын эдийн засагт бүтээж буй нэмүү өртгийн нэг хэсэг юм. 

Уул уурхайн бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөх хоёр гол арга байдаг. Эхнийх нь бүтээгдэхүүнийг боловсруулж, өртгийг нэмэх, дараагийнх нь бага зардлаар тээвэрлэж борлуулах юм. “Энержи ресурс” компанийн баяжуулах үйлдвэр өнгөрсөн хугацаанд 100 гаруй сая тонн нүүрс угаажээ. Баяжуулсан коксжих нүүрс нь түүхий нүүрснээс 20 хувиар өндөр үнэтэй байдаг билээ. Тэгэхээр цэвэрлэсэн нүүрс тээвэрлэж, илүү өндөр үнээр борлуулдаг гэсэн үг. MMCG судалгааны байгууллага “Ухаахудаг дахь Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэртэй болсноор эдийн засагт нэг тэрбум орчим ам.долларын нэмэлт орлого орж ирсэн байна” гэж дүгнэсэн.

Ухаахудагийн уурхайн нүүрс 14 давхаргатай. Давхаргуудын заримаас сайн коксжих, заримаас нь сул коксжих нүүрс гарна. Нүүрсийг баяжуулахдаа сайныг муутай хольж чанарыг нь дунджилдаг. Энэ нь ордоос гарч буй бүтээгдэхүүнийг сорчлохгүйгээр олон жил ашиглах сайн талтай. Өөрөөр хэлбэл, чанартай нүүрс үнэтэй борлуулж, богино хугацаанд өндөр ашиг олох биш, урт хугацаанд нэмүү өртөг бүтээнэ гэсэн үг.  

Тус компани чиргүүлтэй автомашинаар нүүрсээ тээвэрлэдэг. Энэ нь нэг удаагийн явалт, шатахууны зардлаар хоёр дахин их нүүрс хилийн зурваст хүргэж байгаа хэрэг юм. Бас нэмүү өртөг бүтээж бай хэлбэр.

“Энержи ресурс” компани улсын төсөв 2009-2025 онд нийт 2.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн тооцоо бий. Тус компанийн улсын төсөвт төвлөрүүлсэн орлогыг тухайн жилийн хүн амд ногдуулан тооцвол нэг хүнд ногдох дүн 2009 онд 4100 төгрөг байжээ. Тэгвэл 2025 онд 91600 төгрөг болсон байна. Энэ үзүүлэлт 2024 онд 182 мянган төгрөгт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ аж. Тэднийх төлсөн татварын хэмжээгээрээ жил бүр улсдаа эхний тавд багтдаг билээ.  

Уг уул уурхайн цогцолбор нь 2900 гаруй үндсэн ажилтантай. Тэдний 35 хувь нь орон нутгийн, тодруулбал Өмнөговь аймаг, Цогтцэций сумын иргэд гэнэ. Туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниудыг оролцуулбал 7900 гаруй хүн ажилладаг юм байна. “Энержи ресурс” компани дотоодын компаниудыг туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр ажиллуулах бодлого баримталдаг. MMCG судалгааны байгууллага “Ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэгчдээр дамжин бий болсон нэмүү үнэ цэн “Энержи ресурс” компанийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 14, “Оюу толгой”-гоос 26 хувь өндөр байна” гэсэн дүгнэлт хийжээ.

Дээр “Энержи ресурс” компани цэвэрлэх байгууламжийг зардлын илүүг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэдгийг дурдсан. Түүнээс гадна тус компани Цогтцэций сумын хойно нэг км үргэлжлэх ойн зурвас, шимт ертөнц байгуулсан, хүнд машин механизмын сургалт явуулж, 1628 хүний мэргэжилтэй болгосон гэх мэт өчнөөн нийгмийн хариуцлагын төслүүд хэрэгжүүлжээ. Нийгэмдээ ээлтэй байхаас гадна эдийн засагт нэмүү өртөг бүтээж байна. Уул уурхайн бизнесийг хэрхэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэх жишгийг тэдний хамт олон харуулсан. Олон улсын зах зээлд Монгол Улсаас анх удаа хувьцаагаа арилжиж, хувьцаа эзэмших замаар баялгийн өгөөжөөс хүртэх боломжийг монголчуудад олгосон. “Энержи ресурс” энэ мэт дэвшлийг Монголд авчирчээ. Олон улсад дундуур хавиар “цогиж яваа”, хөгжил дулимаг Монголд олон “Энержи ресурс” хэрэгтэй байна.