Төв банк хэрэглээний зээлийн хугацааг 48 сараар сунгах зохицуулалт хийлээ

  • 2026/11/03 19:40

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.11.03/ болж, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн хугацааг 48 сараар сунгах зохицуулалт хийх шийдвэр гаргажээ. Энэ талаараа хэвлэлийн бага хурал хийж тайлбарлалаа. Өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах буюу сард төлөх төлбөр нь орлогын 45 хувиас бага байх хязгаартай хэрэглээний зээлд цалин, малчны зээл хамаардаг. Үүнд тэтгэврийн зээл хамаардаггүй юм. Тэгэхээр цалингийн болон малчны зээлийн хугацааг 48 сараар сунгах боломжтой аж.    

Мөнгөний бодлогын хороо жилд зургаан удаа ээлжит хурал хийдэг. Үүний дөрөвт нь бодлогын хүүг өөрчлөх, эсэх талаар хэлэлцдэг. Тэгвэл хоёрт нь макро зохистой бодлогыг хэрхэх, талаар хэлэлцдэг юм. Энэ удаагийн хурлаар макро зохистой бодлогыг хэрхэх, талаар хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргажээ. 

Банкны системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд зээлийн өсөлтийн эрч суларч, салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа аж. Гэвч зээлийн зарим хэсэгт, тэр дундаа хэрэглээний зээлд эрсдэл хуримтлагдсаар байгааг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт тайлбарласан. Тодруулбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь энэ оны есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Уг төрлийн зээл энэ оны нэгдүгээр улиралд гурван хувь байсантай харьцуулбал гурав дахин өсжээ.

Банкны салбарын нийт зээл 94.7 их наяд төгрөгт хүрсэн аж. Үүний 13.7 их наяд төгрөг нь хэрэглээний зээл гэнэ. Одоогоор тэтгэврийн зээл 5.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Тэгэхээр өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах буюу цалин, малчны зээл 8.5 их наяд төгрөг гэсэн үг. Үүнээс тооцож үзвэл, 773 тэрбум төгрөгийн хэрэглээний зээл муу гэсэн ангилалд ороод байгаа аж. 

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Зээлдэгч зээлээ сунгуулах хүсэлтээ тухайн банкиндаа гаргана. Зээлийг нь сунгах, эсэх шийдвэрийг банк гаргана. Зээлийг сунгалаа гэхэд анх олгосон зээлийн мөнгөн дүнг нэмэгдэхгүй, мөн хүүг нэмэхгүй. Харин зээлийн хугацаа нэмэгдэх учраас хүүнд нь төлөх мөнгө чинь нэмэгдэхийг иргэд анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, СЭИЗ-ийн дээд сургуулийн багш, доктор Б.Мөнхзаяа “Иргэдийн орлогын тасалдал, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг шалгаанаар чанаргүй зээл нэмэгдэж байна” гэв. 

Монгол Улсын 1.2 сая иргэн хэрэглээний зээлтэй байгаа аж.