Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хариуцлагыг бэхжүүлэх асуудлаар зөвлөлдлөө
- 2026/10/29 14:21
Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт хамтран хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тайлагналын найдвартай байдал, хараат бус аудитын чанарыг бэхжүүлэх зорилгоор “Санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчдын эрх ашиг ба аудиторын үүрэг, хариуцлага” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулагчдын итгэл нь санхүүгийн тайлагналын ил тод, үнэн зөв байдал, компанийн засаглал, хараат бус аудитын чанартай салшгүй холбоотой. Эдгээр тогтолцоо хангалтгүй байх нь хөрөнгө оруулагчдын эрх ашигт сөргөөр нөлөөлж, зах зээлд итгэх итгэлийг сулруулах эрсдэлтэй. Иймд зөвлөгөөний хүрээнд нээлттэй хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, хараат бус аудитын чанар, мэргэжлийн ёс зүй, хариуцлага, хяналт, зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэв. Мөн мэргэжлийн үйлчилгээний чанар, аудитын салбарт тулгамдаж буй асуудал, олон улсын туршлага, санхүүгийн тайлагналд итгэх итгэлийг бэхжүүлэх арга зам, аудит ба хөрөнгийн зах зээлийн уялдаа холбооны талаар илтгэл тавьж, санал солилцлоо. Зөвлөгөөнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголын хөрөнгийн бирж, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, аудитын болон хөрөнгө оруулалтын мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, санхүүгийн тайлагнал, аудитын чанар, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр байр суурь, туршлагаа хуваалцав.
Энэхүү зөвлөгөөн нь санхүүгийн тайлагналын найдвартай байдлыг нэмэгдүүлэх, хараат бус аудитын чанар, мэргэжлийн хариуцлагыг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.