А.Энхжин: Хүнд даацын шинэ авто зам экспортын тасралтгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой

  • 2026/10/16 18:32

Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын нээлтийн үеэр хэлэхдээ: “Эдийн засгийн өсөлтийг дэмжих, зам, тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд уг төсөлд Хөгжлийн банкнаас 49.8 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 40.6 сая ам.долларын санхүүжилт олгоод байна. 
Энэхүү 240 км хүнд даацын авто зам бүрэн ашиглалтад орсноор коксжих болон эрчим хүчний нүүрсний экспортын 30-40 хувийг тээвэрлэх тооцоололтойгоос гадна уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тасралтгүй байдлыг хангах, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх, улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм. 
Түүнчлэн тээвэрчдийн ажиллах аюулгүй, найдвартай нөхцөлийг сайжруулж, автомашин, техникийн эвдрэл гэмтэл болон зам тээврийн осол, эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо.