![]()
Монгол Улсын Хөгжлийн банкнаас 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож буй Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэлх авто зам өнөөдөр бүрэн ашиглалтад орлоо.
Энэхүү зам нь 240 км урт, 14.5 метр өргөн, 7.5 метр зорчих хэсэгтэй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай, 200 тонн хүртэлх ачаалал даах хүчин чадалтайгаараа онцлог юм.
Шинээр ашиглалтад орсон замаар Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт чиглэлд зөвхөн ачаатай тээврийн хэрэгсэл зорчих бол 2011 онд ашиглалтад оруулсан хоёр эгнээ авто замыг эсрэг чиглэлд буюу Гашуунсухайтаас Тавантолгой чиглэлийн тээвэрт ашиглана.
Ингэснээр тус чиглэлд нийт дөрвөн эгнээ бүхий хүнд даацын авто замын сүлжээ бүрдэж байна.
Энэ нь ачаа тээврийн урсгалыг эрчимжүүлж, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулахыг албаныхан онцлов.
![]()