Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

  • 2026/10/15 17:40

Санхүүгийн зохицуулах хорооноос цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч, гадаад валютын арилжаа эрхлэгч банк бус санхүүгийн байгууллагууд болон даатгалын компаниудад зориулан олон улсын зохицуулалт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгууллаа. 

Арга хэмжээнд банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компаниудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд бүхий нийт 150 гаруй хүн оролцсон бөгөөд Татварын ерөнхий газраас татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Монголбанкнаас валютын зах зээлийн нэгдсэн мэдээллийн систем дэх банк бус санхүүгийн байгууллагуудын оролцооны талаар тус тус мэдээлэл өгөв. Түүнчлэн Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албанаас Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй улс орнуудын харилцагчдад авах арга хэмжээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл болон Европын Холбоо зэрэг бусад улс орнуудын хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч тэдгээрийг үйл ажиллагаандаа нийцүүлэх, харилцагчийг таньж мэдэх, эцсийн өмчлөгчийг тодорхойлох, гүйлгээний мэдээллийг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд хуулийн хугацаанд мэдээлэх чиглэлээр болон мэдээлэх үүрэгтэй этгээдийн анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа. 

Мөн олон улсын хэмжээнд хэрэгжиж буй зохицуулалтын өөрчлөлт, түүнтэй холбоотой үүсэж болзошгүй эрсдэл, тэдгээрийг үнэлэх, бууруулах арга хэмжээ, байгууллагын дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах асуудлаар зөвлөмж, мэдээлэл өгч, салбарын онцлогт нийцүүлэн холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын хэрэгжилтийг хангах, цаашид анхаарах асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.