Монголбанк хараат бус байдлаа бэхжүүлнэ

  • 2026/10/13 10:24

Монголбанкныхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг төсөлд “Төвбанкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлж, хараат бус байдал, засаглал, хариуцлага, ил тод байдал болон макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын институцийн тогтолцоог тодорхой болгох зохицуулалтыг тусгасан Монголбанкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн саналыг боловсруулж, хууль санаачлагчид уламжлах” гэж тусгажээ. Товчхондоо хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрөөс хараат бус байдлаа бэхжүүлж, улстөрчдийн гараас мултарна гэсэн үг. Монголбанканд улстөрийн дарамт шахалт үзүүлж төсвийн шинжтэй санхүүжилт хийлгэсэн тохиолдлууд бишгүй.

Өнөөгийн УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ ахмадын тэтгэврийг тэглэх популист санаачилга гаргаж, “Эрдэнэс Монгол” компаниар 850 тэрбум төгрөгийн бонд гаргуулсан. Гэвч үүнийгээ төлж чадаагүй учир Монголбанк арилжааны банкуудад бондын төлбөрийг хийж, өөр дээрээ алдагдал үүрээд байгаа. Мөн Ч.Сайнбилэгийн Засгийн газар 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө “оноо цуглуулах” зорилгоор “Сайн хөтөлбөр” хэрэгжүүлсэн. “Сайн хувьцаа”, “Сайн малчин”, “Сайн оюутан” хөтөлбөрт Монголбанк нийт 502 тэрбум төгрөг гаргажээ. Үүнээс гадна 2013 онд эхэлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрт 4.2 их наяд төгрөг гаргасан байдаг.  

Улс орны эдийн засаг гүн хямралд орсон, эсвэл орох нь тодорхой болсон цаг л уламжлалт бус бодлого явуулж, эдийн засгаа сэргээх зорилгоор зохистой хэмжээний мөнгө хэвлэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Түүнээс биш, Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийн өмнө улстөрчдийн санаачилдаг популист хөтөлбөрийг Монголбанк мөнгө хэвлэж дэмжсээр байвал эдийн засгаа хорлосоор байна. Мөнгө хэвлэсний гор нь иргэд, олон нийтэд бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын ханшийн дарамт болж ирдэг жамтай. Харин популист улстөрчид сонгуульд ялалт байгуулж, эрх мэдлийн зөөлөн санал дээр дахин тухална. Тэгэхээр нэг хүн, намын эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг өндөрт тавих нь зүйтэй байгаа биз. Тиймээс Монголбанкны улстөрөөс хамааралгүй бие даасан байдлыг бэхжүүлэх эрх зүйн зохицуулалтыг хоёр гараа өргөөд дэмжих нь зүй. 

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд “Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захын арилжааг хөгжүүлж, өгөөжийн муруйг бий болгох, хөрөнгийн захын хөгжлийн дэмжих, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний Засгийн газрын дунд, урт хугацааны тусгай үнэт цаасыг гаргаж, Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөх” гэж тусгасан. Энэ бол Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хамгийн анхаарал татах сэдэв. Халуухан хэлэлцүүлэг ч өрнөж мэднэ. Монголбанк Засгийн газрыг жил бүр 1.5 их наяд төгрөгийн бонд гаргаж, түүгээрээ Монголбанкны дутагдлыг нөх гэж тулгаж байгаа хэрэг. 

Монголбанкныхан “Засгийн газрыг бонд гарга гэхээр Төв банкны үнэт цаасны хүүгийн зардлаа төлүүлэх нь гэж бодож магадгүй. Ингэж ойлговол буруу. Бид Засгийн газрыг элдэв хөтөлбөр хэрэгжүүлж, Монголбанкаар мөнгө хэвлүүлж, алдагдалд оруулсныгаа нөх, хариуцлагыг нь өөр дээрээ ав гэж байгаа юм” гэж тайлбарласан. Монголбанкны хуримтлагдсан алдагдал 2025 оны эцэст 6.9, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрчээ. 

Өнгөрсөн жилүүдийн хуримтлагдсан алдагдалд хүүгийн зардал, санхүүгийн үүсмэл хэрэгслийн, гадаад валютын тэгшитгэлийн алдагдал голлон нөлөөлсөн байна. Хуримтлагдсан алдагдлын 74 хувийг Монголбанкны хүүгийн зардал эзэлжээ. Хүүгийн зардлын 56 хувийг ТБҮЦ, 25 хувийг своп хэлцлийн, 18 хувийг Засгийн газар, банкуудын байршуулсан хөрөнгөд төлсөн хүүгийн зардал эзэлжээ.

Тэгэхээр Засгийн газар ирэх жилүүдэд бонд гаргаж, Монголбанкны 4.8 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх нь. Өөрөөр хэлбэл, популист улстөрчдийн тарьсан гайг үүрнэ гэсэн үг. Үүнээс цааш Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар Монголбанкийг мөнгө хэвлэ гэж шахах эрхгүй болох нь.