Их өгөгдөлд суурилсан банкны хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, гадаад төлбөр тооцоог хялбаршуулж, хүртээмжийг нэмнэ

  • 2026/10/08 16:51

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт арилжааны банкнуудын удирдлагуудтай уулзаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа. Уулзалтаар банкны салбарын тогтвортой байдлыг хангах, хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх, төлбөр тооцооны үйлчилгээг сайжруулах зэрэг асуудлаар мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцлаа. Тэрээр Монгол Улсын эдийн засагт гарч буй өөрчлөлт, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг нь Төв банкны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх орчинд нөлөөлж байгааг онцоллоо. Тиймээс бодлогын хэрэгжилтэд ашиглаж буй арга хэрэгслүүдийн үр нөлөөг дахин үнэлж, шаардлагатай шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв.   

2027 оны Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийн төсөлд Төв банкны засаглал, мөнгөний бодлогын үр нөлөө, санхүүгийн салбарын тогтвортой байдал болон технологийн шинэчлэлийг зэрэг бэхжүүлэхэд зорьж байна. Монголбанкнаас банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд технологид суурилсан, бодит цагийн горимоор өндөр давтамжтай мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргалтын хурдыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ банкнуудаас хүлээн авдаг тайлан мэдээ мэдээлэлд зарцуулдаг ачааллыг бууруулах, технологи ашиглан бүрэн автоматжуулах  ажлыг  үе шаттай хэрэгжүүлж, 2027 онд тус үзүүлэлтийг 80 хувьд хүргэхийг  зорьж байгааг онцлон тэмдэглэв.  

Энэ хүрээнд талууд Монголбанк, Монголын банкны холбоо болон Гаалийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гадаад төлбөр тооцоог хялбаршуулах, бизнес эрхлэгч нарт тулгардаг хүндрэлийг бууруулах талаар хийгдэх ажлыг эрчимжүүлэхээр болов. Уулзалтын төгсгөлд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт бодлогын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд арилжааны банкнуудын оролцоо чухал болохыг онцолж,  холбогдох үүрэг чиглэлийг өглөө.