Ө.Сумъяабаатар: Ирэх онд сургууль, цэцэрлэгийн орчныг хүүхдэд ээлтэй болгож, тохижуулахад анхаарна

  • 2026/10/06 16:51

Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

2026 онд Баянгол дүүрэгт, дүүргийн төсвөөр нийт 17 төсөл арга хэмжээ он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 84 хувь, 25 төсөл арга хэмжээ шинээр хэрэгжиж байгаагаас гүйцэтгэл 86 хувьтай байна. Иймд холбогдох алба, хэлтсүүдэд хийж дуусгаагүй байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа төлөвлөсөн хугацаанд буюу хүйтрэхээс өмнө яаралтай дуусгах, өвлийн бэлтгэл ажилдаа анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн Шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох хэлтсүүд цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө. Үүнд:

  • Дүүргийн хэмжээнд нийт 48 байршилд хурд сааруулагч суурилуулахаас өнөөдрийн байдлаар 14 байршилд энэ ажлыг хийснээс гадна 8 хорооны 2,500м2 талбайд замын тэмдэг тэмдэглэгээ хийж дуусгасан.

  • Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд дүүргийн 21 хорооны 40 байршилд 1,623м, нийт 14 хорооны 41 байршилд 1,368м хашаа, хайсыг буулгасан.

  • 08-р сарын 15-наас хойш дүүргийн хэмжээнд нийт 7 ТҮЦ, улирлын чанартай 12 түр худалдааны цэгийг нүүлгэн шилжүүлсэн.

  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ намар нийт 20 байршилд “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаас өнөөдрийн байдлаар 6 байршилд энэ ажил хэрэгжсэн. Үлдсэн байршлуудад 10-р сарын 20-ны дотор мод тарьж дуусгана.

  • Дүүргийн 1- 34 хороонд “Манай хороо-Миний гудамж” 45 хоногийн аяныг зарласан. Тэгвэл энэхүү аян эхэлснээр дүүргийн нийт 34 хороонд орчны тохижилт, цэвэрлэгээтэй холбоотой 1492, ААНБ-тай холбоотой 183 зөрчил илэрсэн байна. Иймд аяны хүрээнд байгуулагдсан 3 ажлын хэсэг өнөөдрөөс хуваарийн дагуу хороодод ажиллахаар боллоо.

  • Мөн дүүрэг дэх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй болгох зорилгоор орчны нөлөөллийн судалгаа хийх үүрэг өгсөн. Энэ дагуу дүүргийн ЗАА-аас нөлөөллийн судалгаа хийхэд эхний ээлжид 20 сургууль, цэцэрлэгийн орчимд хүүхдийн тоглоомын болон спортын талбай, явган хүний зам, сүүдрэвч, зогсоол зэрэг тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх боломжтой гэсэн. Иймд ирэх оны хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд тусгаж ажиллахаар боллоо.

  • Түүнчлэн 2026-2027 оны хичээлийн жилд дүүрэг дэх төрийн өмчийн нийт 9 сургуульд “Сургуулийн цагдаа” төслийг эхлүүлсэн бол өнөөдөр 18 болж нэмэгдсэн байна.