Фэйсбүүк, Инстаграм платформууд эвлүүлсэн фото зургийг “Made with AI” тамгатай харуулдаг болно

  • 2024/04/19 17:31

Фэйсбүүк, Инстаграм сошиал платформуудыг эзэмшигч Мета компани дижитал аргаар үүсгэсэн, эвлүүлж, засварласан гэрэл зураг, видео дүрсийг тусгай таних тэмдэгтэй харуулах шийдвэр гаргаснаа Баасан гарагт зарлажээ.

Тухайлбал ирэх сараас эхлэн Фэйсбүүк, Инстаграм платформд хиймэл оюунаар бүтээсэн зураг, дүрсийг нийтлэхдээ “Made with AI” (хиймэл оюунаар бүтээсэн) гэсэн тамга хэрэглэхээр болсон тухай Мета компанийн контентын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Моника Бикерт мэдэгдсэн байна.

Үүнээс гадна хиймэл оюунаар үүсгээгүй ч нийгмийг төөрөлдүүлэх өндөр эрсдэлтэй гэж үзсэн агуулгыг “High-risk” (өндөр эрсдэлтэй) гэсэн тамгатай нийтэлж эхлэхээр болжээ.

Мета компани өмнө нь бусад компаниудын хөгжүүлж буй хиймэл оюуны технологиор үүсгэсэн зураг, дүрсийг таних арга боловсруулж байгаагаа мэдээлж байсан юм.

Метагийн шинэ бодлого Фэйсбүүк, Инстаграм, Threads платформуудад нэвтрэх юм байна.

Энэ онд дэлхийн олон улс оронд сонгуулийн жил тохиож байгаа. Сонгуулийн үр дүнд хиймэл оюунаар үүсгэсэн хуурамч материалуудаар нөлөөлөх эрсдэл улам бүр нэмэгдэж, энэ нь Мета мэтийн компанид ирэх дарамт шахалтыг улам нэмэгдүүлж байна.

Энэ оны арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Хиймэл оюуны технологи улс төрийн сонгуульд хүчтэй нөлөөлж эхэлсэн нь саяхан Индонез улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцаас тодорхой харагдаж байв.

 

Эх сурвалж: Reuters