Боломж их ч бодлого нь хоцорсон уул уурхайн салбар
- 2026/09/21 09:02
Хууль, эрх зүйн шинэчлэлийн эхлэх цэг гэж тодорхойлогдсон “Mining week & minepro 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, хурал өнгөрсөн долоо хоногт Налайх дүүргийн Тайж хайрханд боллоо. УИХ энэ намрын чуулганаараа Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ. Тиймээс оролцогчид хууль, эрх зүйн шинэчлэлийн эхлэх цэг гэж тодорхойлсон хэрэг. Хорин жилийн өмнө баталсан эл хуулийг уул уурхайн салбарынхан шинэчлэн найруулах цаг нь болсон гэж үздэг. Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэд хэдэн төсөл боловсруулсан ч УИХ-аар хэлэлцүүлж чадаагүй.
Уул уурхай мега төсөл хэрэгжүүлж, мега мөнгө эргэлдүүлдэг салбар. Олны эрх ашгийн огтлолцлыг олох шаардлага тулгардаг учир эл салбарын эрх зүйн зохицуулалтыг хийх бэрхтэй ч гэдэг. Энэ салбарын эрх зүйн зохицуулалт дотоодын улстөрчид, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хөндөөд зогсохгүй гадаадынхны ч сонирхлыг хөдөлгөдөг нь нууц биш. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх, эсэхийг УИХ өнгөрсөн зургадугаар сард шийдвэрлэсэн. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжсэн ч зарчмын зөрүүтэй 40 санал гарсан байдаг. Тэгэхээр энэ хуулийн талаар халуухан хэлэлцүүлэг өрнүүлэх нь ойлгомжтой.
Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлан батлуулсан. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлуулаад байна. Эдгээр эрх зүйн зохицуулалтыг ч уул уурхайн салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ тооцож буй.
Тал нутгийн салхин дор зохион байгуулсан олон улсын үзэсгэлэн, хурлын гол илтгэгчид УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга З.Ган-Очир нар байлаа. Сайд хүн бодлого, шийдвэр ярих нь зүйн хэрэг. Тэгвэл З.Ган-Очир Канадын “Fraser” хүрээлэнгийн 2025 оны судалгаанаас эш татан Монголын уул уурхайн өрсөлдөх чадварын талаар танилцуулсан.
Судалгааны үр дүнд Монгол Улс уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд бодлогын хэрэгжилт, засаглалаа сайжруулах болон байгаль орчны бодит үзүүлэлтийг тодорхойлох шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Энгийнээр хэлбэл, сайн засаглал бүрдүүлж, оновчтой бодлогоо тууштай хэрэгжүүл, уул уурхай үнэхээр байгаль орчныг сүйтгээд байна уу, эсвэл олон нийт дэмий сэрдээд байна уу гэдгийг тодорхойл гэсэн үг.
Монгол Улс эрдэс баялгийн нөөц бололцооны үзүүлэлтээрээ 41 орноос 23-т эрэмбэлэгджээ. Бидний өөрсдийгөө харьцуулах дуртай Казахстан 37 буюу манайхаас 14 орны хойно жагссан байв. Энэ үзүүлэлт Монголд эрдэс баялгийн боломжийн нөөц байгаагийн илэрхийлэл юм. Харин манайх хөрөнгө оруулалт татах нөхцөлийн үзүүлэлтээрээ 68 орноос 46, бодлогын төсөөллийн үзүүлэлтээрээ 56-д оржээ. Тэгвэл мөнөөх Казахстан бодлогын төсөөллийн үзүүлэлтээрээ 68 орноос 45-т орж, манай урд давхиж явна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарыг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх эрдэс баялгийн нөөц бидэнд байгаа аж. Харин бодлого муу байна гэдгийг дээрх судалгаа харуулж буй хэрэг.
Уул уурхайн салбарынхан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хайгуулын талбайг олон төрлөөр олгох, газрын эрхийг нь шийдэх, шинэ хайгуулын төсөл эхлүүлэх процессыг хөнгөвчлөх, стратегийн ордын шалгуурыг дахин тодорхойлох, чухал ашигт малтмалын жагсаалтыг батлах шаардлагатай гэж үзэж буй. Мөн стратегийн ордод төрийн оролцоо ямар байхыг хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болгох, зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох, алтны нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ыг тэг хувиар тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний татварын аргачлалыг шинэчлэх, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах, хянах, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах учиртай гэж үзэж байна.
Түүнчлэн шинэ уурхайн эрчим хүчний дэд бүтэц байгуулах, техникийн нөхцөл авах, сүлжээнд холбох үе шатны зөвшөөрөл төслийн хугацааг хойшлуулж байгааг уялдуулах, ТЭЗҮ-д тавигдах шаардлага, хүлээн авах журмыг өнөөгийн технологи, төслийн хөгжүүлэлтийн нөхцөлтэй нийцүүлэх, бага агуулгатай хүдэр, ашигт малтмалын овоолгыг баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаа саатаж буйг шийдэх, салбарын нэн шаардлагатай, эрэлттэй мэргэжлийн боловсон хүчнийг зорилтот байдлаар бэлтгэх, чадавхжуулах зохицуулалт хийх хэрэгтэйг дурдаж буй.
Дээрх бүгд тооцсон хэдэн өгүүлбэрт багтаж байгаа ч задалбал маш өргөн дэлгэр ойлголтууд юм. Үүнээс гадна орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг намжаах, эв түнжинг нь олох зохицуулалт хийх шаардлага Засгийн газарт бий. Ховд аймгийн Мянгад сумын иргэд Халзанбүрэгтэйн ордыг ашиглуулахгүй гэж тэмцэн тусгай зөвшөөрөлтэй компанийн үйл ажиллагааг зогсоогоод буйг бид мэднэ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах хүрээнд “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно. Орон нутагт очих өгөөжийг нэмэгдүүлнэ” гэв. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн орон нутагт үлдээх зохицуулалттай. Тэгвэл Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 20 хувийг нь үлдээдэг болгох гэнэ. Одоогоор АМНАТ-өөс орон нутагт 440 тэрбум төгрөг үлдэж байгаа аж. Тэгвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нэг их наяд төгрөг үлдэх нь. Манай улсын газрын нутгийн 21 хувьд тусгай зөвшөөрөл олгох боломжтой. Одоогоор 4.8 хувьд нь л тусгай зөвшөөрөл олгосон юм билээ.
Олны сайн мэддэггүй нэгэн асуудал, бэрхшээл байдаг нь манай улсын тусгай зөвшөөрөл буюу лицензийн эрх борлуулах, шилжүүлэх үед татвар тооцох үнэлгээний аргачлал аж. Олон улсын жишигт тусгай зөвшөөрлийн эрхийг борлуулсан олзоос татвар хураадаг юм байна. Жишээ нь, А компани тухайн тусгай зөвшөөрөл, эсвэл тусгай зөвшөөрлийг эзэмшигч компанийг 20 сая ам.доллароор худалдан авсан гэж бодъё. Түүнийгээ 50 сая ам.доллароор өөр компанид борлуулъя гэж үзье. Тухайлбал, энэ тохиолдолд Австрали улс 30 сая ам.долларын олзоос 30 хувийн татвар хураадаг байна.
Харин манай улсад тухайн тусгай зөвшөөрлийн ирээдүйн мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг тооцож, түүнээс нь татвар хураадаг. Хоёр этгээд тухайн тусгай зөвшөөрлийг 30 сая ам.доллароор худалдах, худалдан авахаар тохиролцлоо гэж бодъё. Гэтэл манай улсын аргачлалаар ирээдүйн мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэн нь 100 сая ам.доллар байвал үүнээс тооцож татвар төлөх шаардлагатай болно.
Монгол дахь Австралийн худалдааны танхим (AustCham)-ын Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой Монгол улсын татварын дүрмийг Австрали, Канад, Казакстан улсуудынхтай харьцуулсан судалгааны дүгнэлтэд “Олон улсын татварын зарчимд нийцүүлэн харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд зах зээлийн зарчмын дагуу хийсэн бодит хэлцлийн үнийг хүндэтгэн авч үзэж, ач холбогдол өгөх, шаардлагатай тохиолдолд татвараас зайлсхийхийн эсрэг аргуудыг үр дүнтэй ашиглах хэрэгтэй” гэж тусгасан байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт, гэрээ гэсэн хоёр төрлөөр олгохоор тусгасан. Магадлал өндөртэй судлагдсан талбайд сонгон шалгаруулалт зарлаж, судлагдаагүйд нь өргөдлийн зарчмаар гэрээ байгуулж лиценз олгох гэнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр төрлөөр олгож эхэлснээр геологийн судалгааны зардал 10 дахин өсөж, 20 тэрбум төгрөгт хүрэх тооцоо гарчээ. Монгол Улс газар нутгаа 1:200,000-ны машстабын геологийн зураглалаар бүрэн судалсан. Харин 1:50,000-ны машстабын геологийн зураглалаар 49.7 хувийг судлаад буй. Төсөв нь хүрэлцээгүй учраас геологийн судалгаа урагшилдаггүй гэнэ билээ.
АНУ 50 чухал ашигт малтмалын жагсаалт баталсан. Эдгээрийн 39 нь Монгол Улсад бий. Чухал ашигт малтмалын жагсаалтыг батлах, тэдгээрийг стратегийн ач холбогдол бүхий орд газрын статустай уялдуулах зэрэг зохицуулалт хийх цаг үеийн шаардлага тулгараад буй. Манай улсад чухал ашигт малтмалын олон орд нээгдэх нь тодорхой болсон.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ одоогийн хуулийн дагуу 21.6 хувийн АМНАТ төлдөг. Хэрэв бусад зэсийн төсөл “Оюутолгой” шиг тогтвортой байдлын гэрээ хийхгүй л бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэмжээний татвар төлнө. Тиймээс зэс олборлох төслүүд хөдлөхгүй байгаа юм. Зэсийн АМНАТ-ийн хувь хэмжээг олон улсын жишигт нийцүүлснээр 20 аж ахуйн нэгж олборлолтоо эхлүүлж, 7000 шууд ажлын байр бий болно гэж тооцоолжээ. Зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлсэн зохицуулалтыг 2029 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр хуулийн төсөлд тусгасан. “Эрдэнэт үйлдвэр” тэр хугацааг хүртэл өндөр АМНАТ төлөх нь.
Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 33, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 84, экспортын орлогын 96, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 84, улсын төсвийн орлогын 29 хувийг энэ салбар бүрдүүлж байна. Эдгээр үзүүлэлт манай улсын эдийн засгийн хамгийн том салбар болсныг бэлхэнээ илтгэнэ. Гэхдээ уул уурхайн салбарыг одоогийнхоос илүү хөгжүүлэх, томруулах эрдэс баялгийн нөөцийн бололцоо байгааг судалгаа харуулжээ. Боломж байхад бодлогоо боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй бол тэр тэнэглэл мөн.
Т.Энхбат