С.Наранцогт: Уул уурхайгаас бусад эдийн засгийн секторын өсөлт муу байгаа учраас мөнгөний бодлогыг огцом чангаруулж болохгүй байна

  • 2026/08/12 17:34


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.08.12/ ээлжит бусаар хуралдаж, бодлогын шийдвэрүүд гаргажээ. Энэхүү шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Мөнгөний бодлогын хорооны гишүүн, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж, СЭЗИС-ийн багш, бизнесийн удирдлагын ухааны доктор Б.Мөнхзаяа нар хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа. Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлж, 12.5, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 хувиар нэмэгдүүлж, 14.5 хувьд хүргэх шийдвэр гаргажээ. Энэ оны долдугаар сарын байдлаар улсын инфляц 13 хувьд хүрч өссөн. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Нийт инфляцын 60 хувийг шатахуун, махны үнийн өсөлт бүрдүүлж байгаа. Шатахуун, махны нийлүүлэлтийн тасалдал инфляцыг тогтворжуулах боломж олгохгүй байна. Махны үнэ тогтворжих, улмаар буурах хүлээлттэй байсан ч шүлхий өвчин гарснаар нийлүүлэлт саарлаа” гэв. 

Монголбанкны бодлогын хүүгийн хэмжээ инфляцын хувиас доогуур болчихлоо. Иймээс Төв банкны үнэт цаас дээр байршиж буй мөнгө ам.доллар руу хөрвөх магадлалтай гэсэн болгоомжлол эдийн засагчдын дунд бий. Үүнд Монголбанкны ерөнхийлөгч “Эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 7.8 хувьд хүрлээ. Өсөлтийг дийлэнхийг уул уурхайн салбарын өсөлт бүрдүүлж байна. Эдийн засгийн бусад сектор дорвитой өсөхгүй байна, зарим нь буурлаа. Тиймээс мөнгөний бодлогыг огцом чангаруулж, мөнгөний нийлүүлэлтийг хумих эрсдэлтэй байна” гэж тайлбарлав.

Мөнгөний бодлогын хорооны гишүүн Р.Даваадорж хэвлэлийн бага хурлын үеэр “Төсөвийн тэлэлт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн бодит секторыг мөнгөний нийлүүлэлтээр дэмжих боломж олгохгүй явсаар ирсэн. Цаашид төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах арга хэмжээг авах хэрэгтэй. Монголбанк бодлогын хүүгээ нэмээд тоормослоод байхад Засгийн газар төсвөө тэлж, хаазаа нэмээд байж болохгүй” гэсэн байр суурь илэрхийлэв. 

Тэгвэл Мөнгөний бодлогын хорооны гишүүн Б.Мөнхзаяа “Мөнгөний нийлүүлэлт 25.8 хувийн өсөлттэй явна. Үүний 20 гаруй хувь нь иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламжийн өсөлт. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийн өсөлт инфляцыг өдөөх нөхцөл болоогүй гэж ойлгох хэрэгтэй” гэж тайлбарлалаа. 

Манай орны хэрэглээний голлох валют ам.доллар, юанийн ханш өсөх хандлагатай байгаа. Хэрэв ам.долларын ханш өсвөл импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцыг нэмэгдүүлнэ. Монгол Улсын гадаад валютын нөөц 7.62 тэрбум ам.долларт хүрсэн. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Валютын нөөц хангалттай байгаа учраас Монголбанк валютын ханшийг тогтвортой байлгах бодлого баримтална. Энэ онд улсын төлбөрийн тэнцэл ашигтай гаргах хүлээлттэй байна” гэв. Монгол Улсын төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилд 567 сая ам.долларын ашигтай гарчээ.