Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээж авлаа
- 2026/06/19 13:30
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц санхүүгийн салбарыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах хүрээнд хэрэгжүүлсэн онцлох ажлууд болон санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, банк бус санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, зээлийн өсөлт, зээлийн багцын чанар, өр, орлогын харьцааны зохицуулалт, санхүүжилтийн эх үүсвэрийн бүтэц, хяналт шалгалтын тогтолцоо болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцов.
Түүнчлэн дотоодын өндөр өртөгтэй эх үүсвэрийг бууруулж, хямд өртөгтэй гадаад санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлогын үр дүн, салбарын эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн банк бус санхүүгийн салбар дахь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ, ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжилт, технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний хяналт зохицуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.
Энэ үеэр ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик банк бус санхүүгийн байгууллагын салбарт хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, зээлийн хэт халалтыг сааруулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд бодит үр дүнгээ өгч, зээлийн өсөлтийн хурд зохистой түвшинд саарч байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн олон салбарыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар ханган ажиллаж буйг онцлон тэмдэглээд олон улсын түвшинд ийм өргөн хүрээний зохицуулалтын чиг үүргийг нэг байгууллага хэрэгжүүлдэг тохиолдол цөөн байдгийг дурдаад, энэ нь Монгол Улсын санхүүгийн салбарын зохицуулалтын тогтолцооны онцлог бөгөөд давуу тал болохыг онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд талууд цаашид санхүүгийн салбарын тогтвортой хөгжил, эрсдэлийн удирдлага, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв.