Зэс хайлуулах үйлдвэрийг Хятадын “Эн Эф Си” компани барих нь

  • 2026/06/10 18:22

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах компанийг шалгарууллаа. Нийт долоон орны 13 компани, түншлэл материалаа ирүүлж, хоёр үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтад “Эн Эф Си” компани хамгийн өндөр оноо авч, хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар боллоо. 

Тус компани дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцжээ. Түүнчлэн уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компани аж. Монгол Улс зэсийн баяжмалаа хайлуулж, боловсруулж, илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж үйлдвэрлэх нь экспорт, төсвийн орлого, эдийн засгийн хөгжил, ажлын байр, татвар хураамж нэмэх өндөр ач холбогдолтой.