Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжүүлнэ

  • 2026/06/10 18:11

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургадугаар сарын 10-нд болж, нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ" гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. 

Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгалаа. Үүнд:

- Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх

-Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох;

- Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, нийгмийн хамгааллын баталгааг хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох;

 -Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг болно.