Оюутолгой үйлдвэр зорилтоо 10 хувиар давуулан биелүүлжээ

  • 2026/04/29 18:45

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх өнөөдөр энэ оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн үзүүлэлтийнхээ талаар мэдээлэл өглөө. Оюутолгой үйлдвэр нэгдүгээр улиралд 113.1 мянган унц алт, 91.7 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэнэ гэж зорилт тавьжээ. Тэгвэл 123.1 мянган унц алт, 101.6 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж, зорилтоо 10 хувиар давуулан биелүүлсэн байна. Мөн олон улсын зах зээлд алт, зэсийн үнэ өссөнөөр борлуулалтын орлогын төлөвлөгөө нь 20 хувиар давж биелэжээ. 

Тус компани 2026 оны нэгдүгээр улиралд үндэсний компаниудаас 1.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ. Түүнчлэн татвар, хураамж, бусад төлбөрт 2.2 их наяд төгрөг төлсөн байна. Компанийн ажиллагсдад олгосон цалинг оролцуулж тооцвол дотоодын эдийн засагт дөрвөн их наяд төгрөг зарцуулсан аж. 

“Оюутолгой” компанийг Засгийн газраас ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гэж шүүмжилсэн. Тэгвэл энэ талаар гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Манай компани хэрэглэсэн усныхаа 87 хувийг эргүүлэн ашигладаг. Хэрэглэсэн усны хоёр тунгаах явцад ууршдаг. Бусад лаг болдог. Тиймээс Оюутолгойн үйлдвэрт ус бохирдуулна гэсэн ойлголт байхгүй. Алт олборлогчид гол ус бохирдуулаад байсан учраас Ус бохирдуулсны төлбөрийг тухай хуулийг санаачилж баталж байсан. Энэ нь бол Оюутолгойд зориулсан хууль биш. Хэрэглэсэн усаа дахин дахин эргүүлж ашиглаж байхад зарчмын хувьд ус бохирдуулсан гэж үзэх үндэслэлгүй” гэж тайлбарлалаа.