"Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо" Хэнтий аймгаас эхэллээ
- 2024/04/19 15:25
Санхүүгийн зохицуулах хороо иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг, өдөрлөгийг орон нутгуудад уламжлал болгож зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн нэгдсэн арга хэмжээг Хэнтий аймгаас эхлүүлж Чингис хотын “Хан хэнтий чуулга”-ын хурлын танхимд нээлтээ хийлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж “Энэхүү өдөрлөгт оролцож буй төр, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэд олон нийт та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн онд Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг нийт найман аймагт зохион байгуулсан бол энэ жилийн нэгдсэн арга хэмжээгээ Хан Хэнтий нутгаас эхлүүлж байна. Юуны өмнө Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар Та бүхэнд товч танилцуулъя. Хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн салбар, хадгаламж зээлийн хоршоо гэсэн дөрвөн салбарыг анх хариуцаж байсан бол өнөөдөр холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан эрх зүйн орчинтой холбоотойгоор хэд, хэдэн чиг үүрэг нэмэгдсэнээр нийт 11 салбарын 6000 гаруй зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажиллаж байна. УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтран санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын хэд хэдэн багц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн оны жилийн эцэст Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбаруудын ДНБ-д эзлэх хувь 25 хувьд хүрээд байна. Энэ өсөлтөд голлон нөлөөлсөн онцлох гурван ажлынхаа талаар товч мэдээлэл хүргэх нь зүйтэй байх. УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн банкны салбарын реформын үр дүнд зургаан банк IPO амжилттай хийж, олон нийтийн болсноор хяналт нь сайжирч, цэвэр тунгалаг, ил тод, сайн засаглалтай банкны систем болж хөгжих боломж нээгдсэн юм. Үүнд орон нутгийн иргэдийн оролцоо ч нэлээдгүй хувь нэмэр оруулсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тухайлбал, “Хаан банк”-ны 29 мянган хөрөнгө оруулагчийн 38 хувь нь орон нутгийн иргэд бөгөөд Та бид өмнө нь зөвхөн хадгаламж нээлгэж мөнгөө өсгөж байсан бол одоо хөрөнгийн зах зээлээс банкны хувьцаа, үнэт цаас худалдан авч орлогоо нэмэгдүүлэх, үр шимийг нь бодитоор хүртэх боломж бүрдээд байна. Салбарын өсөлтөд голлож нөлөөлсөн хоёр дахь хүчин зүйл бол УИХ, Засгийн газраас төрийн өмчит компаниудын ашигт байдал, өрсөлдөх чадвар, засаглалыг сайжруулах зорилгоор төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох ажлыг эхлүүлсэн явдал юм. Энэ ажлын үр дүнд “Монголын хөрөнгийн бирж” гэхэд 2022 онд 34 хувиа олон нийтэд санал болгож, анхны арилжаагаараа 11 гаруй тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байдаг. Тухайн үед цэвэр ашиг нь 646 гаруй сая төгрөг байсан бол өнгөрсөн онд 8.7 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд анх нэгж хувьцааны үнэ нь 100 төгрөг байсан бол өнөөдөр 200 төгрөгт хүрч өссөн байна. Мөн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нийт тоо 7185 байгаагаас одоогийн байдлаар 7184 нь жижиг хувьцаа эзэмшигч юм. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниуд олон нийтийн, нээлттэй компани болсноор санхүүгийн хувьд тогтвортой, ашиг орлого нь баталгаатай, засаглал, ил тод байдал нь сайжирч түүнийг дагаад хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн хүртэж буй ашиг ч өссөөр байна. Харин гурав дахь нөлөөлсөн хүчин зүйл бол уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг ил тод болгох, бодит ханш тогтоох, хамгийн гол нь энэ салбарын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгийн биржээр арилжаалж эхэлсэн явдал юм. Уул уурхайн салбар бол дотоодын нийт экспортын 93 хувь, ДНБ-ий 25 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлдэг манай улсын эдийн засгийг тэтгэдэг чухал салбарын нэг бөгөөд биржээр арилжаалж эхэлснээс хойш 23.1 сая тн бүтээгдэхүүнийг 10.62 их наяд төгрөгөөр арилжаалсан байна. Ингэж биржээр арилжаалж эхэлснээр манай улсын түүхий эдийн экспорт эрчимжиж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэний зэрэгцээ гадаад валютын урсгал нэмэгдсэнээр эдийн засагт томоохон өгөөж үзүүлсэн” гэдгийг онцолсон юм.
Сургалт, хэлэлцүүлгийн үеэр хөрөнгийн зах зээлийн бодлого зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдал, зохицуулалтад шинээр ороод буй уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин, зах зээлийн нөхцөл байдал мөн даатгалын салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, иргэд, олон нийтэд тулгардаг нийтлэг асуудал, санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэлээ. Түүнчлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, банк, үнэт цаас болон даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, иргэдэд үнэт цаасны данс нээх, хэрхэн хувьцаа эзэмшигч болох талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.