Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэлээ
- 2025/12/30 19:32
Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгуулж, жилийн ажлын үр дүнгээ дүгнэн хэлэлцлээ. Тайлангийн хурлыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хэлсэн үгэндээ, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд цогц арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж ажилласнаа онцоллоо. Тухайлбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хувьцааны хамтын санхүүжилтийн үйлчилгээ, банкнаас гаргах хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжих, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ, олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоотой үнэт цаас гаргах, мөн “нийгмийн бонд”, “тогтвортой байдлын бонд” зэрэг тогтвортой санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх, хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр байгуулах зэрэг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зохицуулалтын орчныг бүрдүүлсэн нь чухал үр дүн болсныг тэмдэглэв.

2025 оны байдлаар биржийн болон биржийн бус зах зээлээс бонд гаргах замаар компаниуд нийт 2.86 их наяд төгрөгийн санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ түүхэн дээд хэмжээнд хүрч, 13.8 их наяд төгрөгт (2025.12.26-ны байдлаар) хүрсэн нь дотоодын санхүүгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Даатгалын салбарт ч олон тулгуурт тогтолцоог хөгжүүлэх, амьдралын даатгалыг дэмжих, ногоон даатгал, даатгагчийн баталгаа, дэвшилтэт цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, зах зээлийн оролцогчдын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох чиглэлээр бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Мөн даатгуулагч, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Даатгалын багц хууль, Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа нь салбарын тогтвортой хөгжлийг хангах чухал алхам болж байгааг онцоллоо. Түүнчлэн ирж буй 2026 онд зохицуулалтын салбарын эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тогтвортой, ногоон санхүүжилт болон санхүүгийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжих, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах бие даасан хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм.
Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Болормаа 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, ажлын амжилтаараа тэргүүлсэн шилдэг ажилтнуудад шагнал гардууллаа.

