Монголбанк 640 ажилтантай

  • 2026/01/21 17:34

УИХ-ын дарга Н.Учрал Монголбанк 500 гаруй ажилтантай байсан бол сүүлийн дөрвөн жилд 700 гаруй болж нэмэгдсэн гэж мэдэгдсэн. Тиймээс Монголбанкны шинэ ерөнхийлөгч С.Наранцогтод бүтцийн өөрчлөлт хийн ажилтнуудынхаа тоог цөөлөх үүрэг өгсөн билээ. Улмаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт Монголбанкны 19 газар, хэлтсийг 10 болгон бууруулахаа танилцуулаад буй. Тэгвэл албаны эх сурвалж Монголбанкны ажилтнуудын тоог 200-аар нэмэгдүүлсэн гэх мэдээлэл ташаа болохыг дуулгалаа. Одоогоор Монголбанк 640 ажилтантай гэнэ. Энэ тоо 2020 оноос хойш 20 хүнээр л нэмэгджээ. 

Монголбанкны 126 ажилтныг цомхотгожээ гэсэн мэдээллийг өнөөдөр нийгмийн сүлжээгээр тараав. Монголбанкны хэвлэл мэдээллийн ажилтнууд энэ мэдээлэл ташаа болохыг дуулгалаа. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт Давосын эдийн засгийн чуулганд оролцохоор Швейцарийг зорьжээ. Тиймээс албан ёсны ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа гэнэ.