"Энержи ресурс" компани "Чайна энержи"-д зах зээлийн ханшаар нүүрс нийлүүлнэ

  • 2025/11/11 11:50

БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж буй "Олон улсын импорт, экспо" арга хэмжээний үеэр "Энержи ресурс" компани "Чайна энержи" группийн гадаад түншүүдийн арга хэмжээнд оролцож, хоёр талын урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ирэх 2026 онд 4.9 сая хүртэлх тонн баяжуулсан коксжих нүүрс, нэг сая тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг зах зээлийн үнэ ханшаар нийлүүлэхээр тохиролцжээ. "Энержи ресурс" компани 2018 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын "Чайна энержи"-тэй нүүрсний худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойлж, 10 жилийн стратегийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж байсан ба жил бүр гэрээгээ бататган энэ жил ийнхүү үзэглэжээ.  

Уг стратегийн гэрээний хүрээнд БНХАУ-ын Ганцмод боомт дахь Чихэнг нүүрс сэлгэн ачиж буулгах, гаалийн баталгаат агуулахын талбайг 2021 онд хоёр талын хамтын хөрөнгө оруулалтаар байгуулан, ашиглалтад оруулсан. Тус байгууламж нь чингэлэг буулгах талбай, таван ширхэг нүүрсний ангартай, орчин үеийн дэвшилт технологид суурилсан бөгөөд жилд долоон сая тонн нүүрс хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байна.  

БНХАУ-ын “Чайна Энержи" нүүрс коксын компани нь 2011 онд "Энержи ресурс"-ийн баяжуулсан коксжих нүүрсийг анх удаа өөрийн орны зах зээлд гаргахад гол дэмжлэг үзүүлж байсан төдийгүй өнгөрсөн хугацаанд жил бүр баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн Монголоос худалдан авч, уурхайгаас эцсийн үйлдвэрлэгчид рүү шууд нийлүүлэх хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Энэ жил эхлүүлсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийн ажлыг "Чайна энержи" компани амжилттай хэрэгжүүлж дуусгаснаар хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжих нөхцөл бүрдэх юм.