“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулахаар болжээ

  • 2025/11/07 16:22

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлалаа.

Гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг өсгөх, стратеги төлөвлөлт, алсын харааг тодорхойлох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах болон компанийн өдөр тутмын бусад үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

· Стратегийн удирдлага: Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уурхайн хөгжил, компанийн урт хугацааны стратеги, алсын хараа, зорилтуудыг боловсруулж, хэрэгжүүлэх;

· Санхүүгийн удирдлага: Ашигт ажиллагааг хангах, хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд компанийн хөрөнгийн хуваарилалт, төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг хянах;

· Үйл ажиллагааны хяналт: Уул уурхайн үндсэн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний борлуулалт, экспортын үйл ажиллагааг үр ашигтай, хариуцлагатай, стандартын дагуу явуулж байгаа эсэхийг баталгаажуулах;

· Хамтын ажиллагаа: Компанийг олон улсад болон дотооддоо төлөөлөх, олон нийт, хувьцаа эзэмшигчид, Засгийн газрын албан тушаалтнууд зэрэг талуудтай харилцах;

· Эрсдэлийн удирдлага: Богино хугацааны гүйцэтгэл, урт хугацааны үнэ цэнийг бий болгох ажлыг удирдан зохион байгуулах;

· Багийн удирдлага: Удирдлагын багт манлайлал үзүүлэх, компани мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг бий болгох.

Нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага

1. Бизнесийн удирдлага, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, эрх зүй, санхүү эдийн засаг, төрийн удирдлагын чиглэлээр дээд боловсролтой байх;

2. Гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багт таваас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх;

3. Компанийн засаглал болон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;

4. Тухайн хуулийн этгээдтэй адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд өөрөө болон хамаарал бүхий этгээд нь хувьцаа эзэмшдэггүй байх;

5. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;

6. Хамаарал бүхий этгээд төрийн захиргааны болон улс төрийн өндөр албан тушаал эрхэлдэггүй байх;

7. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

8. Ял шийтгэлгүй байх.

Нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага

1. Уул уурхай, эрдэс баялгийн салбарын мэдлэг, туршлагатай байх;

2. Бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, хөрөнгө оруулалт татаж, амжилттай удирдан хэрэгжүүлж байсан туршлагатай байх;

3. Компанийн засаглалыг сайжруулах, гүйцэтгэлийн үзүүлэлт, эрсдэлийн удирдлага болон хяналтыг хэрэгжүүлэх талаар мэдлэг, туршлагатай байх;

4. Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн талаарх мэдлэг, туршлагатай байх /холбогдох олон улсын ба үндэсний стандартуудыг хэрэгжүүлж байсан бол давуу тал болно/;

5. Англи эсвэл хятад хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;

6. Мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

7. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах болон харилцааны өндөр чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй байх.