Өмнөговь аймагт 8 дахь цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ
- 2025/10/22 14:52
“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 100 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилгын ажил 2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр эхлүүлжээ. Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Арь констракшн” компани ажиллаж байна. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь 2015 оноос хойш Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд чиглэсэн 555 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн юм. Орон нутагтай “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд “Оюутолгой” компани жил бүр таван сая ам.долларын санхүүжилт тус санд олгодог.
Сүүлийн 10 жилийн хугацаанд тус сан нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд эмч нарын орон сууц, спорт заал, газар тариалангийн талбай, эрүүл мэндийн төв, хагас автомат уурын зуухны иж бүрэн барилга, цэвэр усны үйлдвэр, байгалийн ургамал нөхөн сэргээх болон мод үржүүлгийн газар зэрэг 38 төсөл санхүүжүүлж, нийт 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
2015-2024 оны хооронд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь Өмнөговь аймгийн хэмжээнд нийт долоон цэцэрлэгийн барилгын ажлыг санхүүжүүлсэн аж. Баян-Овоо суманд барьж буй уг шинэ цэцэрлэг нь найм дахь нь болж байна.