Аймшгийн баярын аймшигтай зардал

  • 2025/10/28 17:04
Аймшгийн баярын аймшигтай зардал

Энэ жилийн аймшгийн баяраар шоколадны олдоц муу, эсрэгээрээ резинэн чихэр, хулуутай амттан элбэг байх төлөвтэй. Учир нь газар сайгүй какаоны ургац муудаж, хомсдол үүссэн тул шоколадны үнэ өндөр байна гэж мэргэжилтнүүд таамаглаж буй.

Нөхцөл байдлаас шалтгаалаад шоколад, чихэр үйлдвэрлэгчид өөрсдийн амттан борлуулах арга барилаа өөрчилж байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид шоколадны орц багатай хэрнээ өндөр үнэтэй амттанг санал болгож эхэлжээ.

"Groundwork Collaborative" байгууллагын хийсэн судалгааг харвал, энэ жил аймшгийн баяраар чихэр, амттангуудын үнэ өмнөх жилээс 10.8 хувиар өсчээ. Энэ нь АНУ-ын инфляцийн ерөнхий түвшингээс бараг дөрөв дахин өндөр дүн юм. Гэтэл 2024 онд аймшгийн баяраар чихэр, амттангуудын үнэ ердөө 2.1 хувиар өсч байв.

Үнэндээ, аймшгийн баярын зардал бол тоглоом наргиан хийх зүйл биш. Америкчууд 2024 онд аймшгийн баярт зориулсан чихэр, шоколад худалдан авахад 7.4 тэрбум ам.доллар зарцуулсан нь 2023 оноос 2.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хойд Каролина мужийн Роли хотод байрлах "Escazú Chocolates" дэлгүүр нь какаоны шошноос бидний иддэг шоколадыг үйлдвэрлэн, гаргаж авдаг. Тэд шошныхоо ихэнх хэсгийг Латин Америкийн орнуудаас авдаг бөгөөд жижиг фермерүүдтэй хамтран ажилладаг. Ингэхдээ тэдэнд зах зээлийн жишиг үнээс 3-4 дахин өндөр үнэ төлж байж, түүхий эдээ худалдаж авч байгаа ажээ.

Нэгэнт өндөр үнээр түүхий эдээ худалдаж авсан бизнес эрхлэгчид зардал бууруулах янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, халуун шоколадныхаа хэмжээг багасгах, шоколадгүй энгийн зайрмаг санал болгох, түрээсийн төлбөрөө хэмнэж, илүү хямд байршил руу нүүх зэрэг.

Түүхий эдийн ургац муудсанаас гадна Трампын тариф ч шоколадны бизнес эрхлэгчдэд нөлөөлжээ. Энэ нь зөвхөн шоколадаар тогтохгүй шоколадыг савладаг тугалган цаасны үнэд ч нөлөөлж байна. "Escazú Chocolates"-ын эзэн Тиана Янг энэ талаар ярихдаа "Тариф юм бүхэнд, жижиг сажиг зүйл бүхэнд ялгаагүй нөлөөлж байна" гэсэн юм.

Америкчууд какао боловсруулдаг анхны эх сурвалжаас нь төдийлөн худалдан авалтаа хийдэггүй. Өөрөөр хэлбэл, энгийн америкчууд үйлдвэрлэгчээс бизнес эрхлэгчид очсон хойно нь буюу хоёр, гурав дахь дамжлагаас нь тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Анхны эх сурвалжаас аваагүй байсан ч хэрэглэгчид бүтээгдэхүүний үнэ, амт, чанар хэдэн жилийн өмнөхөөс өөрчлөгдсөнийг бэлээхэн олж харахаар болсон.

Барааны үнэ өөрчлөгдөөгүй ч хэмжээ нь багасах үзэгдлийг хэрэглэгчид цаашид илүү их харна гэдгийг "Wells Fargo"-ийн эдийн засагч Дэвид Бранч хэлжээ. Тухайлбал, "Hershey" брэнд л гэхэд үнээ өсгөлгүйгээр шоколадны багцаа жижигрүүлсэн байна. Ингэснээр хэрэглэгчид илүү их мөнгө төлсөн мэдрэмж төрөхгүй аж.

Зарим үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ какаоны агууламжийг бууруулж, оронд нь элсэн чихрийн хэмжээг нэмэгдүүлж байна. Тухайлбал, 75  хувийн какаоны агууламжтай гэж сурталчилдаг бүтээгдэхүүнүүд какаоныхоо хэмжээг 65 болгож бууруулжээ.

Резинэн чихэр, какаоны үнийн өсөлт хоёр шууд хамааралтай байдаг. Хэрэглэгчид сүүлийн үед зажлууртай, чихэрлэг амттанд илүү татагдах болсныг тоо баримт харуулж байна. АНУ-ын Чихэр амттангийн холбооны мэдээлснээр, резинэн чихрийн борлуулалт энэ жил долоон хувиар өсчээ. Амттан үйлдвэрлэгчид шоколадны хэмжээгээ багасгасан ч резинэн чихрийн борлуулалтаар шархаа нөхөж байна гэсэн үг юм.

Түүнчлэн шоколаднаас төдийлөн хамаарахгүй амттан дээр үйлдвэрлэгчид азаа сорьж байна. Жишээлбэл, "KitKat" брэнд шанцайтай шарсан талхны амттай шоколад гаргаж, зардлаа хэмнэж байна.

Эдийн засагчдын үзэж буйгаар шоколадны үнийн өсөлт ирэх жилийн Валентины баяр хүртэл үргэлжилнэ. Какаоны үнэ 2024 оны сүүл үеэс хойш буурсан боловч ихэнх үйлдвэрлэгч үнийн оргил өсөлтийн үед худалдаж авсан шошоо одоо хүртэл үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа аж. Үүн дээр эрчим хүч, сав баглаа боодлын зардал, тариф зэрэг зүйл нэмэгдэхээр шоколадны үнэ нэг хэсэгтээ буухгүй нь.

Бүтээгдэхүүн нэг бүрээр онцлон хэлбэл, "Hershey"-ийн бүтээгдэхүүн өнгөрсөн жилээс 22 хувиар, "Mars" 12 хувиар, "Reese" найман хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мэдээж асуудлын гол цөм нь какаоны үнэ. Какаоны шошны үнэ тэнгэрт хадсан нь үйлдвэрлэлийн зардлыг өсгөсөн. "FactSet"-ийн мэдээлснээр, дэлхий даяарх какаоны фьючерс 2023 онд 61 хувиар өссөн бол 2024 онд өмнөх оны мөн үеэс 178 хувиар өсчээ. Энэ асуудал нь дэлхийн какаоны 60 хувийг үйлдвэрлэдэг Гана, Кот-д’Ивуар улсуудаас улбаатай. Эдгээр улсад уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад ургац мууджээ. Энэ жил какаоны фьючерс 46 хувиар унасан ч гэлээ үйлдвэрлэгчид 2024 онд хураасан үнэтэй шошоороо шоколад хийсээр байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN