Н.Номтойбаяр: Энэ Засгийн газар улс төрийн хувьд итгэл төрөхүйц биш

  • 2025/10/02 10:16

“Муу Засгийн газрыг үтэр түргэн солих ёстой” хэмээн УИХ-ын гишүүн, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдэгдэл хийлээ.  Тэрбээр Засгийн газрын тогтвортой байдлын талаар “Муу юм тогтвортой байх ямар шаардлагатай юм. Мууг нь мэдэж байгаа бол үтэр түргэн солихын төлөө л байх ёстой шүү дээ. Хэрвээ засгийг огцруулах асуудал орж ирэх юм бол миний хувьд өнөөдрийн Засгийн газрын бодлого үйл ажиллагаанд таатай хандахгүй байгаа. Ялангуяа бүтэц бүрэлдэхүүн. Хэнийг хэлээд байгааг мэдэж байгаа биз дээ. Маш чадамжгүй сайд нартай” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Харин “Засгийн газрыг огцруулах нь зөв үү” гэсэн асуултанд “Ерөнхий сайдын ажлыг дүгнэхэд улс төрийн дүгнэлтээр биш тоо хэлээд өгнө. Ажилгүйдэл буурахгүй, ядуурал буурахгүй, төгрөгийн ханш чангарахгүй, татвар, НДШ-ийн хувь хэмжээ буурахгүй байна. Энэ хэдэн тоон үзүүлэлтээр Ерөнхий сайдын ажлыг дүгнэнэ. Олигтой ажиллаж байгаа нь хаа байна вэ. Яагаад би энэ Засгийн газарт ороогүй вэ гэвэл улс төрийн хувьд итгэл төрөхүйц биш байсан. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй, нэрийг нь хэлээд чичлээд яах вэ. Хулгайгаараа алдартай хүмүүсийг Засгийн газарт оруулчихаад байхад би яаж Шадар сайдаар очих юм. Тиймээс би ийм Засгийн газарт орж чадахгүй гэсэн” хэмээн хариулав.