
Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр УИХ-аар батлагдсан. Энэ хуулийн 9 дүгээр зүйлд Баялгийн сан дараах 3 төрөлжсөн сангаас бүрдэхээр заасан:- Ирээдүйн өв сан;
- Хуримтлалын сан;
- Хөгжлийн сан.
Энэ удаа Ирээдүйн өв сангийн зорилго, эх үүсвэр, хөрөнгө оруулалтын стратеги тойрсон асуудлыг энгийн арифметикийн хүрээнд авч үзье.
“Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөж, арвижуулна.” гэсэн зорилготой.
Ирээдүйн өв сан 2 эх үүсвэрээс бүрдэхээр заажээ:
- ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь;
- сангийн хөрөнгө оруулалтын орлого.
Ирээдүйн өв санд 4 их наяд төгрөг (1.17 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээ)-ийн хуримтлал бүрдсэн тухай мэдээнүүд гарсан.
2024 оны 1 дүгээр сард Засгийн газар 5 жилийн хугацаатай, 8.65 хувийн купонтой, 650 сая ам.долларын бонд гаргасан. 2024 оны 11 дүгээр сард Нийслэл (Улаанбаатар хот) 7.75 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд гаргасан тухай мэдээ ч цацагдсан. Өөрөөр хэлбэл, Монгол төр гаднаас ам.долларын 8 орчим хувийн хүүтэй санхүүжилт авчирч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа санхүүжүүлж байна гэсэн үг.
Франц улстай хамтран хэрэгжүүлэх ураны төслийн хувьд санхүүгийн загварт дискаунтын хүүг 10 хувиар авч байгаа тухай мэдээлэл гарсан. Иймд тус төсөл хэрэгжихийн тулд дотоод өгөөжийн хувь (internal rate of return) нь 10 хувиас өндөр байж таарна.
Том зургаараа, манай төр нэг санхүүтэй гэж үзвэл, өөртөө байгаа мөнгөө Ирээдүйн өв сангаар дамжуулан гадаад валютаар хуримтлал хийгээд, нөгөө талдаа, гаднаас жилийн 8 хувийн хүүтэй ам.доллар авчирч байгаа (эсвэл жилийн 10 хувиас өндөр өгөөжтэй бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхгүй байгаа) зэрэг нь, Ирээдүйн өв сангийн хөрөнгийн өгөөж нь ам.доллар дээр жилийн 8 хувиас өндөр өгөөж олох ёстой гэсэн энгийн арифметик гарна. Нэг ёсондоо, өрх 8 хувийн хүүтэй зээл авсан байж, түүнээс бага хүүтэй хуримтлал хийх ёсгүй гэдэгтэй адил юм. Үгүй бол, өр л үйлдвэрлэнэ.
Хэрэв тус сангийн хөрөнгийг дээрх өгөөжөөс бага хүүтэй удирдвал, хүүний сөрөг зөрүү нь “алдагдал” буюу өөртөө байгаа мөнгөөрөө өөрөө үр дүнтэй бүтээн байгуулалт хийж чадна гэсэн итгэл байхгүйн төлөөс болно. Мэдээж, олон хууль, тэдгээрт заасан зорилгоор дээрх үйл ажиллагаанууд тусдаа зохицуулалттай хэдий ч, том зургаар, төрийн нэгдсэн санхүү дээр авч үзвэл ийм л энгийн арифметик дүр зураг гарна. Нийслэл нь тусдаа санхүүгээ мэддэг (fiscal federalism) болж байгаа нь өөрөө том асуудлын эхлэл байж болох бөгөөд энэ талаар дараа жич авч үзэх болно.
Ирээдүйн өв сангийн засаглал, мөнгөн хөрөнгийн удирдлагад анхаарах зүйлс
Дотоодын банкуудын ам.долларын 3 жилийн хугацаатай хадгаламжийн жилийн хүү 6 хувь (2 жилийн хугацаатай нь 3.3 хувь) байна. Тэгэхээр дээр дурдсанаас илүү өндөр өгөөж олохын тулд илүү өндөр эрсдэл авах ёстой болно. Энэ нь Ирээдүйн өв сангийн удирдлага нь илүү олон улсын түвшинд хүрсэн, туршлагад суурилсан, мэргэжлийн байх ёстой болно.
Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанкан дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулахаар хуульчилсан.
Ирээдүйн өв сан нь баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой тул Норвегийн баялгийн сантай ижил зарчмаар буюу харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийгдэх ёстой болно. Норвегийн баялгийн сан (албан ёсны нэр нь The Government Pension Fund Global)-гийн хувьд Сангийн яам ерөнхийд нь хариуцаж, хөрөнгийн удирдлагын ерөнхий чиглэлийг гарган өгч, харин Норвегийн төв банк хөрөнгийн удирдлагыг хариуцдаг. Ингэхдээ Норвегийн төв банкны гүйцэтгэх зөвлөл (Executive Board) нь сангийн өдөр тутмын үйл ажиллагааны удирдлагыг “Норвегийн төв банкны хөрөнгө оруулалтын удирдлага” (Norges Bank Investment Management) гэсэн тусдаа байгууллага байгуулан хариуцуулжээ. Энэ байгууллага нь Төв банкны Гүйцэтгэх зөвлөлийн тодорхойлсон чиглэл, шаардлагыг хэрэгжүүлж ажилладаг. Ирээдүйн өв сангийн засаглал, үйл ажиллагааны зарчим, чиглэлийн өөр нэг жишээ нь Сингапурын Темасек юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Засгийн газар төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг батлах, нэгдсэн удирдлагаар хангахаар заасан хэдий ч, Ирээдүйн өв сангийн хөрөнгийг Монголбанк удирдах тухайлсан зохицуулалт байхгүй. Иймд Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагын засаглалын бүтэц, загварыг тодорхой болгох ёстой байна.
Сангийн хөрөнгө Монголбанкан дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршиж байгаа тул Норвегитай адилаар Монголбанк сангийн удирдлагыг хариуцах загвараар явах уу, эсвэл өөр загвар байх уу тодорхой болгох ёстой болно. Хэрэв төв банк удирдах бол, Монголбанк энэ үүргийг гүйцэтгэх эрх зүйн суурийг бүрдүүлэх ёстой болно. Эсвэл одоо үйлчилж буй батлагдсан хуультай нийцтэйгээр Засгийн газар, Монголбанкны төлөөлөл, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн гишүүдээс бүрдсэн Ирээдүйн өв сангийн удирдах хороог байгуулж болно. Энэ хамтарсан хорооноос эсвэл Монголбанкны гүйцэтгэх хорооноос баталсан стратеги, бенчмаркийн хүрээнд сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх нэгж нь Монголбанкны гадаад валютын удирдлагын нэгж байх уу, гадны байгууллагаар удирдуулах уу, эсвэл сангийн удирдлагын тухайлсан бие нэгж байгуулах уу гэсэн сонголт гарч ирнэ. Засгийн газар аль загвараар явахыг тодорхойлж, засаглалын бүтцийг бүрдүүлж ажиллуулах нь нэн чухал. Энэхүү хороо, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх нэгжийн эрх зүйн “хариуцлага, хамгаалалт”-ыг анхнаас нь тодорхой болгох шаардлагатай.
Засаглалын бүтэц, сангийн хөрөнгийн удирдлагын стратеги, бенчмарк тодорхой болсноор Норвегийн жишигтэй нийцтэйгээр, харьцангуй урт хугацаатай, өндөр өгөөж олох дараах 4 хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх ёстой болно [энэ нь Төв банкны тухай хуульд заасан одоогийн гадаад валютын улсын нөөцийн удирдахаас тэс өөр зарчим байх болно]:
- Тогтмол-орлоготой санхүүгийн хэрэгслүүд буюу харьцангуй урт хугацаатай хөгжингүй орнууд (АНУ, Япон, Герман, Англи, Франц гэх мэт)-ын засгийн газрын бонд, үнэт цаас. Норвегийн баялгийн сангийн нийт хөрөнгийн 27.1 хувь нь энэ төрлийн хэрэгсэлд байршиж байна. Ийнхүү гадаад үнэт цаас, бонд эзэмшдэг болсноор гадаад валютын позицийн, хугацааны, хүүгийн эрсдэл буурна.
- Компанийн хувьцаанууд. Норвегийн баялгийн сангийн нийт хөрөнгийн 70.5 хувь нь хувьцаанд байршиж байна. Энэ жишгээр Ирээдүйн өв сангийн хөрөнгийн тодорхой хэсгээр дэлхийн шилдэг компаниуд, тухайлбал, Apple, Microsoft, Alphabet, Amazon, Tesla зэрэг компанийн хувьцааг худалдан авснаар дэлхийн хөгжил, технологийн дэвшлээс бий болох өндөр өгөөжөөс монголчууд бид, хойч үе маань үр шим хүртдэг болно.
- Биет болон биет бус алт. Монгол Улс алт олборлодог, дээрээс нь геополитикийн хурцадмал байдал, тодорхой бус байдлаас улбаатайгаар бусад улс орны төв банкууд алт ихээр нөөцөлж байгаа, технологийн хувьслыг даган алтны хэрэглээ, эрэлт нэмэгдэж байгаа зэргээс харахад алтны үнэ өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байна.
- Үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн хөрөнгө оруулалт. Норвегийн баялгийн сангийн нийт хөрөнгийн 2.2 хувь нь энэ төрлийн хөрөнгө оруулалтад байршиж байна.
Геополитикийн нөхцөл байдал, эдийн засаг, санхүүгийн хуваагдал, хориг арга хэмжээний эрсдэлүүдийг тооцон хөрөнгө оруулалтын позицийг маш анхааралтай удирдах, төрөлжүүлэх шаардлага үүснэ. Ялангуяа, урт хугацаатай хөрөнгө оруулалтын шийдвэрт энэ эрсдэл илүү том асуудал дагуулна. Энэ бол цэвэр хараат бус, сайн мэргэшсэн мэргэжилтнүүдийн хийх ажил.

