Монголын хөрөнгийн бирж 15.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
- 2024/08/27 12:51
“Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компани нь энэ оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 23.9 тэрбум төгрөгийн орлого олж, 4.1 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Ингэснээр 19.8 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажилласан байна. Тайлант хугацаанд улсын төсөвт нийт дөрвөн тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төлсөн аж. Тодруулбал, Монголын хөрөнгийн бирж эхний хагас жилд 15.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Энэ оны эхний хагас жилд дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн дундаж үзүүлэлт нь 42,940.88 нэгжид хүрсэн. Энэ оны зургадугаар сарын 28-нд 44,385.18 нэгжид хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.29 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн зах зээлийн үнэлгээ 2024 оны зургадугаар сарын 28-ны байдлаар 11.28 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.62 хувиар өссөн үзүүлэлт юм.
Үнэт цаасны арилжааны хувьд энэ оны эхний хагас жилд нийт 125 удаагийн нийт 797.08 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулсан байна. Тодруулбал, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 136 хувьцаат компанийн 773,76 сая ширхэг хувьцааг 184.7, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 490.76 мянган ширхэг үнэт цаасыг 44.43 тэрбум төгрөгөөр арилжжээ. Мөн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.38 сая ширхэг нэгж эрхийг 2.92, компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.67 сая ширхэг бондыг 565.03 тэрбум төгрөгөөр арилжсан байна.
Тайлант хугацаанд өдөрт дунджаар 6.28 сая ширхэг үнэт цаасыг 6.37 тэрбум төгрөгөөр арилжсан аж. Нийт арилжаа өмнөх оны мөн үеэс 1.55 дахин өсжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний цахим дуудлага арилжааг энэ оны эхний хагас жилд нийт 339 удаа зохион байгуулсан. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс”, “Хангад эксплорэйшн”, “Монгол Алт (MAK)” компани 14.55 сая тонн нүүрсийг 5.87 их наяд төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани нь 980.1 мянган тонн төмрийн хүдэр болон баяжмалыг 241.9 тэрбум төгрөгөөр тус тус арилжсан байна.
Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сараас зэсийн баяжмалын арилжааг эхлүүлсэн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь зургаан мянган тонн зэсийн баяжмалыг 40.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан бол энэ оны зургадугаар сард анх удаа “Монголросцветмет” ТӨҮГ нь нийт 4.3 мянган тонн хайлуур жоншны баяжмалыг 5.3 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.