ДЭЛХИЙН БАНК: Монгол Улс бодлогын дараах асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй
- 2024/08/20 14:17
Дэлхийн банк энэ оны тавдугаар сард "Монголын эдийн засгийн тойм” тайлангаа гаргасан. Сонгуулийн үр дүнгээр шинээр байгуулагдсан Засгийн газар ирэх дөрвөн жилийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ боловсруулж, УИХ-аар батлуулахаар бэлтгэж буй энэ үед тус тайланд дурдсан бодлогын санал, зөвлөмж чухал байж мэднэ.
“Монголын эдийн засгийн цаашдын төлөвт хэд хэдэн эрсдэл бий. Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал (үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн удаашрал нь гангийн эрэлт, улмаар Монголын нүүрсний эрэлт, үнэд нөлөөлж болзошгүй), геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлт зэргээс үүдэн эдийн засагт сөрөг нөлөө гарч болзошгүй. Дотооддоо, илүү хүнд, удаан үргэлжлэх зуд нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг илүү их агшааж болзошгүй. Хүлээгдэж байгаагаас давсан төсвийн тэлэлт нь илүү өндөр төсвийн болон урсгал тэнцлийн алдагдалд хүргэж, инфляцын дарамтыг нэмэгдүүлнэ.
Төсвийн болон бүтцийн бодлогын реформ нь эдгээр эрсдэлийг бууруулахад туслахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн дархлаа, тогтвортой байдал, бүтээмжийг нэмэгдүүлэхэхэд чиглэх ёстой. “Алсын хараа 2050”-ийн амбиц, зорилтод хүрэхийн тулд макро эдийн засгийн дархлааг бүрдүүлэх төсөв, мөнгөний “ухаалаг” бодлого, уул уурхайн бус, хувийн секторт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх бүтцийн реформ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдгээр нь бодлого, реформ нь Монголын эдийн засгийн эрдэс түүхий эдийн өрнөл-уналтын мөчлөгөөс салахад тусална.
Тэр дундаа мөчлөг сөрсөн төсвийн бодлого (төсвийн ил тод, баттай мөрдөгдөх дүрэм, сайн “ажилладаг” тогтворжуулалтын сан нь эдийн засгийн мөчлөгийн үед хэрэглээг жигд хадгална) нь өндөр, тогтвортой эдийн засгийн өсөлт, өрийн тогтвортой байдлыг хангахад туслах болно.
Макро эдийн засгийн дархлааг бэхжүүлэхийн зэрэгцээ, илүү төрөлжсөн, өндөр орлоготой эдийн засгийн суурийг бий болгохын тулд дараах зүйлсэд анхаарах шаардлагатай.
1) өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрхийг хангах, бүтээмжтэй компаниуд хөрөнгө оруулалт хийж, өсөх боломжийг олгох илүү тэгш нөхцөлийг бүрдүүлэх микро эдийн засгийн реформ хэрэгжүүлэх;
2) залуу, боловсролтой (ялангуяа эмэгтэй) ажиллах хүчийг илүү сайн ашиглах, үүний тулд илүү чанартай ажлын байр бий болгох, боловсролын байгууллагуудын ур чадварын нийлүүлэлтийг ажил олгогчдын эрэлттэй уялдуулах;
Байгалийн гамшгийн давтамж, хүч нэмэгдэж байгаа нь хоёр жилийн зуд, үерээс харагдаж байна. Иймд улс орныг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд тэсвэртэй болгоход чиглэсэн институци, бодлого, хөрөнгө оруулалтад анхаарал хандуулах шаардлагатай байна.
Эдгээрээс гадна Монголын нийгэм-эдийн засгийн олон асуудал шийдлээ хүлээсээр байна. Бүх түвшний засаглалыг бэхжүүлэх (популизм, “далд дарангуйлал”-аас зайлсхийх хамгаалалт), авлигалаас ангижрах, либералчлал-үндэсний ашиг эрх ашгийн баланс, “тархины гоожилт”, ядуурлын хавх, боломжийн тэгш бус байдал, хүмүүн капитал (боловсрол, эрүүл мэнд, чадавх, хүмүүжил, ёс суртахуун), өрхийн өрийн дарамт-мөнгө хүүлэлт, хотжилтын суурь асуудлууд (эрчим хүч, нийтийн тээвэр, эрүүл, аюулгүй орчин), нийлүүлэлт, өртгийн сүлжээ, логистикийн хатуу, зөөлөн дэд бүтэц, бүс нутгийн каластерыг хөгжүүлэх, ногоон хөгжил, санхүүжилт-сэргээгдэх эрчим хүч, худалдаа, аж үйлдвэрийн бодлогыг “жинхэнэ” утгаар нь ойлгож, нутагшуулан хэрэгжүүлэх зэргийг дурдаж болно.
Монгол төрийн бодлого мэргэн байж, гол нь үр дүнтэй хэрэгжих болтугай.