“Voyage” ус үйлдвэрлэгч 1.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
- 2024/08/12 15:02
“Voyage” савласан ус үйлдвэрлэгч “Эм Жи Эл Акуа” нь энэ оны тавдугаар сард 2024 Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлд 87,555,616 ширхэг хувьцааг гаргаж, 15.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, олон нийтийн компани болсон. Тус компани олон нийтэд энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус компани оны эхний хагас жилд нийт 11 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.1 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна. Улмаар тайлант хугацаанд улсын төсөвт нийт 1.5 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлжээ.
“Эм Жи Эл Акуа” нь оны эхний хагас жилийн байдлаар 17.8 сая литр усаар 12.9 сая ширхэг савласан ус үйлдвэрлэж, хоёр төрлийн бүтээгдэхүүнийг зургаан төрлийн савлагаагаар савласан аж. Зах зээлээ тэлэх зорилгоор орон нутгийн борлуулалтыг дэмжиж, 20 тонн даацтай хоёр автомашинаар парк шинэчлэлт хийн, таван бүсийн гэрээт борлуулагчдад өөрийн бүтээгдэхүүнийг түгээсэн гэнэ. Тус компани ISO сертификатын магадлан аудитыг тухай бүр хийлгэж, хүнсний аюулгүй байдлаа бүрэн ханган, олон улсын түвшинд баталгаажуулж, тавдугаар түвшнээс зургаа болгон ахиулсан байна.
Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлогын хүрээнд 0.2, 0.33, 0.5 литрийн савны жинг бууруулж, эхний хагас жилийн байдлаар 16,425 кг хуванцрыг байгальд хаягдахаас сэргийлсэн. Улмаар 6695 кг хаягдал хуванцар савыг “Ти Эм Эл Пластик” дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлжээ.